Засгийн газар Хөгжлийн банкийг шалгах тогтоолыг 2016 онд гаргаж, ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банканд шалгалт хийсэн. Гэвч энэ шалгалтын дүгнэлтийг улсын нууцад хамааруулаад байсан юм. Харин одоогийн Засгийн газар энэхүү шалгалтын дүгнэлтийн заримыг улсын нууцаас гаргана гэж мэдээлсний дагуу 132 хуудас бүхий дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болголоо. Дүгнэлтээс анхаарал татахуйц мэдээллийг бид цувралаар хүргэж байна.
Шалгалтын дүгнэлтийн 63,64-р хуудаснуудад Хөгжлийн банк ажилтнуудаа хэрхэн урамшуулж байсан талаарх мэдээлэл байна.
Дүгнэлтийг ЭНД дарж үзнэ үү.
Үзвэл, Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2013 оны 4-р сарын 10-ны өдрийн 12-р тогтоолоор “Ажилтнуудад зээл олгох журам”-ыг баталсан байна. Журмын 6-р зүйлд банкандаа 18 сар ажилласан бол, цалингийн зээл хүсэгч нь 6 сар ажилласан бол урамшуулна гэжээ.
Гэтэл энэ журмаа зөрчин дөрвөн сар ажилласан ахлах мэргэжилтэн Э.Хишигбаатартаа 61 сая 780 мянга, хоёр сар ажилласан зээлийн газрын ахлах мэргэжилтэн Э.Цолмондоо 40 сая, нэг сар ажилласан зээлийн газрын захирал Г.Одонтуулдаа 150 сая төгрөгийн тус бүр зээл олгожээ. Гэхдээ энэ зээл нь Хөгжлийн банкны журмын дагуух ажилтны зээл үү, цалингийн зээл үү мөн энэ зээлийн эргэн төлөлт хийгдсэн үү? Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл байсан уу эсвэл зээл нэртэй бэлэг байсан эсэх нь тодорхой бус байна.
Хачирхалтай нь зээл олгодог газрын захирал, зээл хариуцсан мэргэжилтэн хоёртоо зургаан сар ажиллаагүй байхад нь буюу байгууллагынхаа дотоод журмыг зөрчин барин олон саяар тоологдох урамшуулал ийнхүү олгожээ.
Банк нь ашиггүй ажиллаж, банкнаас зээл авсан ААН-үүд нь зээлээ төлөхгүй хүнд нөхцөл байдалтай байсан хэдий ч Хөгжлийн банк ажилтнууддаа энэрэнгүй хандаж, 40 алба хаагчдадаа 478 саяын цалингийн зээл, 13 ажилтандаа 980 саяын орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамруулсан байгаа юм. Мөн дүгнэлтэд Хөгжлийн банкны ажилтнуудын зарим нь мэргэжлийн бус, туршлагагүй, хэрхэн яаж сонгон шалгаруулж ажилд авсан нь тодорхойгүй, төрийн албан хаагчдын авдаг цалингаас 4-5 дахин их цалин авдаг байсан зэргийг бичжээ. Өөрөөр хэлбэл хуйвалдаанаа хийхийн тулд ийнхүү ажилтнуудаа "харж үздэг" байсан байж болзошгүй байгаа юм. Энэ үед хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат ажиллаж байв.