Нээлттэй байдал, уйтгар гуниг, сельфи видео…Украины инээдмийн жүжигчин улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа эл дүр төрхөөрөө үндэснийхээ бэлэг тэмдэг болоод байна.
ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийснээс хойш Украины инээдмийн жүжигчин, ерөнхийлөгч болсон Владимир Зеленский эсэргүүцэл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж, түүнийг шүүмжлэгчдийн дунд ч нэр хүнд нь өсч, хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн юм.
Ихэнхдээ энгийн, ногоон цэргийн подволк өмсдөг 44 настай Зеленский утсан дээрээ бичлэг бичиж, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн хэд хэдэн видеогоороо ард түмнээ уриалж, идэвхжүүлж, урам зориг өгч чадсан юм.
Өнгөрсөн баасан гарагт нийслэл Киев хотын төвд хийсэн шууд бичлэг буюу live –аараа тэрээр “Бид бүгд энд байна. Манай цэрэг, иргэд энд тусгаар тогтнол, эх орноо хамгаалж байна, хамгаалсаар ч байна” хэмээн ярьсан. Энэ бичлэг цахим ертөнцөөр хурдан тархаж, украинчуудын эр зоригийн илэрхийлэл хэмээн сайшаагдсаар.
“Манай өмнөх ерөнхийлөгчид ийм нөхцөлд Украинд үлдэх байсан гэж бодохгүй байна. Тэд шууд л зугтах байсан биз” гэж Украины хоёр дахь том хот Харьковын оршин суугч Элизабет Тищенко гэх эмэгтэй сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Зеленский Украинчуудыг зэвсэг барин оросуудтай тэмцэхийг уриалсан эелдэг, сэтгэл хөдлөм үг хэллэг, түүнийг Кремлийн гол бай гэсэн АНУ-ын анхааруулгыг үл харгалзан Украиныг орхихоос татгалзсан нь түүнийг дотоодын төдийгүй гадаадын ч иргэдийн магтаалын эзэн болгоод байгаа юм.
Британийн сэтгүүлч, "140 дүрийн дайн ХХI зуунд нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрчилдөөнийг хэрхэн өөрчилж байна вэ" номын зохиолч Дэвид Патрикаракос хэлэхдээ, "Зеленский "Би танай ерөнхийлөгч, би нуугдахгүй, хаашаа ч явахгүй" гэж хэлж байна. Тэр албан ширээний ард сууж, эсвэл хослол өмсөөд иргэдээ уриалсангүй. Би бусдын адил амиа алдах эрсдэлтэй гэдгээ ч нуусангүй. Түүний арга барил нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг илүүд үздэг томоохон албан тушаалтнуудаас эрс ялгарч байна. Кремльд зочлогчид Путинтэй уулзахдаа тусгайлан зохион бүтээсэн зургаан метрийн урттай ширээний төгсгөлд суухаас өөр аргагүйд хүрсэн нь олон эвгүй зургуудаар нь батлагдсан. Харин Зеленскийг гудамжинд гүйж байхыг хараад та түүнийг ордондоо тусгаарлагдсан, урт ширээний ард сууж буй харгис этгээд шиг харагддаг Владимир Путинтэй харьцуулахгүй байхын аргагүй" хэмээн дүгнэжээ.
Гуравхан жилийн өмнө Зеленский хошин шогийн жүжигчин байсан ч 2019 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, авлигатай тэмцэх үг хэллэгийг дэлгэцэнд бүтээсэн дүрийнхээ адил ашиглаж, 73 хувийн саналаар экс ерөнхийлөгч, олигархи Петр Порошенког үнэмлэхүй ялсан түүхтэй.
“Зеленскийг олон олигархууд төрийн эрхэнд байхаас залхсан ард түмэн сонгосон гэж бодож байна. Киевт боксчин, инээдмийн жүжигчнийг ерөнхийлөгч болгоё гэж бодсон" гэж Харьков хотын оршин суугч Элизабет Тищенко хэлээд, Киев хотын захирагчаар ажиллаж байгаа хүнд жингийн боксчин асан Виталий Кличког ч мөн дурдсан нь тун сонирхолтой дүгнэлт болжээ.
Зеленскийг засгийн эрхэнд гарсны дараа эрчим хүчний хямрал, дараа нь дэлхий дахинд цар тахал дэгдэн, намжиж, басхүү улс төрийн бодит байдал эхэлсэн. Түүний нэр хүнд огцом буурч өнгөрсөн оны арван хоёрдугаар сард 31 хувьд хүрчээ.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд явуулсан санал асуулгаар Зеленскийн дайны үеийн удирдлага, арга барил нь нэр хүндийг нь огцом өсгөж, Оросын түрэмгийллийн өмнөх үеийнхээс гурав дахин буюу рейтинг нь 91 хувиар өссөн гэсэн үзүүлэлттэй гарчээ.
“Зеленскийг хэн ч ийм байдалд хүргэнэ гэж бодоогүй. Тэр ердөө л зөв зүйл, зоригтой үйлдэл хийж инээдмийн жүжигчин, санамсаргүй сонгогдсон ерөнхийлөгчөөс дайны үеийн төрийн зүтгэлтэн болж хувирсан. Гэхдээ ингэж хувирахыг нь хэн ч анзаараагүй байх гэж сэтгүүлч, зохиолч Патрикаракос онцлон дүгнэжээ.
2019-2020 онд АНУ-Украины харилцааг удирдаж байсан, ерөнхийлөгчийн зөвлөх асан Игорь Новиков "Аль-Жазира" сувагт хэлэхдээ, Зеленскийн гарал үүсэл улс төрд оролцоогүй нь түүний дайны үеийн удирдагчийн хувьд амжилтад хүрэх гол хүчин зүйл болсон. “Ерөнхийлөгч Зеленский бол Украины аж үйлдвэржсэн хотын жирийн нэгэн залуу гэжээ.
Украинчуудын санаатай, эсвэл санамсаргүй сонгосон хошин шогийн жүжигчин хүнд үетэй нүүр тулахдаа ийм шударгуу, зоригтой, басхүү ухаалаг байх юм гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. Магадгүй Зеленский залуу хүний аймшиггүй зориг, эсвэл өөр гарцгүй болсон “ерөнхийлөгч”.
Гэхдээ тэр сошиал медиа буюу олон нийтийн сүлжээ бүхнийг хянадаг гэж хэлэхэд болохуйц эринд сошиал медиаг зэвсэг болгон гартаа барьж, зөв ашиглаж чадаж байгаатай маргах хүн үгүй биз.
Эх сурвалж: Aljazeera