Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Истанбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяа 56,200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.
Тэрбээр Токиогийн олимпын хүрэл медаль хүртсэн оноондоо Туркт түрүүлж 13,000 оноо нэмэрлэснээр таван байраар урагшилж 53 кг-ын жинд тэргүүлэв. Тэгвэл өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ээс хүрэл медальт ОУХМ Т.Тулга Яшар Догуд тавдугаар байрт орж 53,500 оноотой болсноор гурван байр урагшилж 65 кг-ын жинд аман хүзүүнд бичигдэж байна.
Истанбулд хүнд жинд үзүүрлэсэн ОУХМ М.Лхагвагэрэл 65,400 оноогоор нэг байр ахиж 125 кг-д дөрөвдүгээр байр руу дэвшив.
Монголын бөхчүүдээс “Топ-10”-д эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга 25,000 оноогоор зургаад, 79 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ 17,000 оноогоор найм, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Д.Отгонжаргал 41,200 оноогоор долоод, 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг 31,000 оноогоор долоод, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 31,000 оноогоор дөрөв, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа 31,000 оноогоор найм, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 23,000 оноогоор наймдугаар байрт тус тус бичигдэж байна.
Туркийн тэмцээнд илүүрхэж түрүүлсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 13,000 оноо цуглуулсан ч 62 кг-д өмнө нь ямар ч оноо аваагүй байсан тул чансаанд эхний 20-д хараахан багтаагүй байна.
Дэлхийн чансааны оноог гаргахад Истанбулын тэмцээнээс гадна өнгөрсөн жилийн Токиогийн олимп, Ослогийн ДАШТ-ий үр дүнг харгалзан үзсэн юм.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо