Украины нийслэл Киев хотод пүрэв гарагийн өглөө 05:00 цагт Оросууд агаарын цохилт өгсөн. Урьдчилсан мэдээгээр пүрэв гарагийн өглөө эхэлсэн халдлагаас хойш Украины 137 цэрэг амиа алдаж, 316 цэрэг шархадсан талаар ерөнхийлөгч Зеленский өнөөдөр мэдэгдлээ.
Украины эрх баригчид, "Оросууд Украины удирдлагыг түлхэн унагаж, Оросыг дэмжигч засгийн газар байгуулах" зорилготой гэж үзэж байгаа юм байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагийн орой видео мэдэгдэл хийхдээ, “Дайсны хорлон сүйтгэх бүлэглэлүүд Киевт нэвтэрсэн. Оросуудын дараагийн бай нь Зеленский миний гэр бүл. Тэд төрийн тэргүүнийг устгах замаар Украиныг устгахыг хүсч байна. Украины Зэвсэгт хүчин болон бусад цэргийн ангиудын байлдааны болон дайчилгааны бэлэн байдлыг хангах, улсын хамгаалалтыг хангах зорилгоор бүх нийтийн цэргийн дайчилгааг явуулах тушаал өгсөн. Үүний дагуу 18-60 насны эрэгтэй иргэдийг хилээр гаргахыг хориглосон” гэлээ.
Украины эрх баригчдын мэдээлж буйгаар, Оросууд пүрэв гарагт нийт 203 удаагийн халдлага үйлдсэн бөгөөд бараг бүх нутаг дэвсгэрт тулаан өрнөж байна гэлээ. Мөн Одесса мужид пуужингийн довтолгооны улмаас 18 хүн, Киевийн ойролцоох Бровары хотод зургаан, Донецк дахь Вухледар хотын эмнэлэг бөмбөгдөлтөнд өртсөний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн шархадсан байна.
Украин дахь цэргийн эх сурвалжийн мэдээлснээр Оросын 20 нисдэг тэрэг, Ми-8 нисэх онгоцууд агаарын цохилт өгч байгаа бол Киев муж дахь Хостомелийн нисэх буудалд шүхэрчид буусан байна. Украины зэвсэгт хүчин Оросын 50 цэрэг, дөрвөн танк, зургаан онгоц, дөрвөн нисдэг тэргийг устгажээ. Чернобылийн хуучин атомын цахилгаан станцыг Оросын цэргүүдээс хамгаалахаар Украины арми тэмцэж байгааг ерөнхийлөгч Зеленский мөн мэдэгдэв.