УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж буй Улс төрийн намын тухай хуулийн төслийн агуулгад намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон зарцуулалтын ил тод байдлыг хангах зэрэг чухал асуудлуудыг тусгасан.
Хуулийн шинэчилсэн төсөлд эмэгтэй, эрэгтэй улс төрчдийн тэгш гарааны нөхцөлийг хэрхэн хангах талаар санал солилцохоор “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс зохион байгуулж буй "Улс төрийн нам ба тэгш гараа" сэтгүүлчдийн уулзалт эхэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
"Улс төрийн намын тухай хуулийн төсөлд эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагуудын зөвлөмжүүдийг тусгаж, авлигалын эсрэг гол байгууллагууд хамтран ажилласан.
1990 онд улс төрийн намуудын хууль боловсруулж, 2005 онд шинэчлэгдсэн. Үндсэндээ шинэчлэл ороогүй ганц зохицуулалт. Тэр дундаа намын санхүүжилт бүрхэг байна. Монголын намуудын мөнгөний эх үүсвэрүүд далд байдаг. Хуульд зааснаас хэтрүүлэн зарцуулсан ч мэдүүлэхдээ нийцсэн тайлан өгдөг. Ямар нэг зөрчилд хариуцлага тооцдоггүй.
1990 оноос хойш 40 гаруй улс төрийн нам байгуулагдаж. Одоогоор 35 нам бүртгэлтэй байна. Гэтэл ихэнх нь сонгуулийн үед үйл ажиллагаа явуулаад, сонгуулиас бусад үед нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй. Нам бол албан тушаал олж авах бүлэглэл болж байна.
Намын тогтолцоогоо шинэчилж чадвал Монголын авлигын индексүүд буурна. Улс төрийн намд үүрэг оноодоггүй байсан. Тийм учраас энэ удаагийн төсөлд ард түмнээ төлөөлөх ёстой хамтын шийдвэр гаргадаг байгууллага байна. Өнгөрсөн хугацаанд иргэдийн хүсэл бодлыг авдаггүй байсан. Мөн томоохон байгууллагуудаас бус гишүүдээс татвар авдаг боломж бүрдүүлнэ.
Өмнө нь УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгогдож байгаагүй. Шинэ хуулиар нэр дэвших боломжоор хангана. Мөн эмэгтэйчүүд, залуучуудыг бодлогоор дэмжинэ. Намын үйл ажиллагааг цахимаар явуулах боломжтой болно. Шилэн дансанд намууд санхүүгийн тайлангаа оруулдаг болно.
Намууд таван жилийн хугацаанд хурлаа хуралдуулахгүй бол намыг идэвхгүй ангилалд оруулна. Санхүүжилтийн тухай заалтууд уг хуулийн төслийн 60 хувийг эзэлж байна.
Нам болгонд санхүүгийн асуудал хариуцсан ажилтантай болно. Намд олгож байгаа иргэдийн болон ААН-үүдийн хандивыг хязгаарлана. Тухайлбал, тендерт оролцсон ААН 4 жилийн хугацаанд намд мөнгөн хандив өгөх боломжгүй болно" гэлээ.