Мьянмарын армийн Эв нэгдлийн 75 жилийн ой тохиож байна. Тус тэмдэглэлт өдрөөр хоригдлуудад өршөөл үзүүлэхээр болсноо Мьянмарын армийн командлагч мэдэгдлээ.
Цэргийн командлагч Мин Аун Хлайн Эв нэгдлийн өдрийг тохиолдуулан 814 хоригдлыг суллах "өршөөл үзүүлэх зарлиг" гаргажээ.
Бямба гарагт олон зуун цэргүүд төрийн албан хаагчдын хамт төрийн далбаагаа мандуулж, бүжгийн хамтлагийнхантай зэрэгцэн ёслолын парад хийсэн юм. Өнгөрсөн жил ардчилсан сонгуулиар сонгогдсон удирдагч Аун Сан Су Чигийн эрхийг цэргийнхэн булаан авснаас хойш тус улсад үймээн самуунтай байгаа ч энэ баярыг тэмдэглэж байна.
Эрх мэдэл булаацалдсан эсэргүүцлийн жагсаал олон нийтийг өдөөж, аюулгүй байдлын хүчнийхэн, энгийн иргэдийн дунд мөргөлдөөн болж ширүүссэн билээ. Уг мөргөлдөөний улмаас 1500 гаруй хүн амиа алдсан гэж "Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэг" тооцоолжээ.
Цэргийн командлагч, ахлах генерал Мин Аун Хлайн өршөөлд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь Янгон хотын шоронд хоригдогсод байх болно гэж цэргийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Тун Франс Пресс агентлагт мэдэгдэв. Тэрээр суллагдсан хүмүүсийн дунд жил гаруй хоригдоод байгаа Австралийн академич Шон Тернелл байгаа эсэхийг тодруулан асуухад ямар нэгэн хариу хэлээгүй гэнэ.
Эх сурвалж: Aljazeera