Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан ипотекийн зээлийн асуудлаар байр суурь илэрхийллээ.
Сэтгүүлчдийн зүгээс цар тахлын хуулийг сунгасантай холбоотой ипотекийн зээлийн эргэн төлөлтийг он дуустал хойшлуулах эсэх талаар тодруулахад тэрбээр "Санхүүгийн дарамт нь зээлдэгчээсээ хөнгөрч үлдэхгүй. Тийм учир боломжтой бол төлбөл зээл нь эрт дуусаж, байр нь эрт зээлдэгчийнхээ өмчлөлд ирэх учраас ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацааг өмнөх хуулийн дагуу дуусгавар болгож, цаашид хэвийн байдлаар нь үргэлжлүүлье гэх байр суурийг Монголбанкнаас баримталж байгаа. Төлөгдөж байгаа эх үүсвэр нь дараагийн зээлдэгч нарын эх үүсвэр, боломж болдог. Энэ нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдаад байгаа тул тэнцвэрийг хангах үүднээс хэвийн байдлаар үргэлжлүүлэх байр суурьтай байгаа юм билээ" гэв.
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран 2021 оны 12 дугаар сард дахин 6 сарын хугацаагаар буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулаад байгаа юм.