Европ даяар газрын тос тээвэрлэх, хадгалах олон компаниуд кибер халдлагад өртөж байна
ХБНГУ-ын Oiltanking, Бельги дэх SEA-Invest, Нидерландын Evos компаниудын мэдээллийн технологийн системүүд эвдэрсэн байна. Дэлхий даяар газрын тос хадгалах, тээвэрлэдэг олон арван терминал өртөж, халдлагууд бүгд өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Гэхдээ шинжээчид үүнийг зохицуулалттай халдлага гэж үзэхгүй байгаа аж.
Бельгийн прокурорууд SEA-Invest компанийн Антверпен дэх хамгийн том терминал болох SEA-Tank нэртэй кибер халдлагыг шалгаж байгаа гэж мэдэгдэв. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, хакерууд ням гарагт Европ, Африкт ажиллаж байгаа порт болгонд нэвтэрсэн гэжээ.
SEA-Invest компани мэдээллийн технологийн нөөц системийг онлайнаар авахаар ажиллаж байгаа аж. Бусад компаниудын эсрэг кибер халдлагын талаар мэдэж байгаа боловч мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн холбоо байгаа эсэхийг тогтоогоогүй гэдгийг ч дурджээ.
Нидерланд дахь Evos компанийн хэвлэлийн төлөөлөгч BBC-д хэлэхдээ, Тернеузен, Гент, Мальта дахь терминалууд дахь мэдээллийн технологийн үйлчилгээ "гүйцэтгэх явцад зарим саатал учруулсан" гэжээ.
Даваа гарагт газрын тос, тээврийн хэрэгслийн түлш болон бусад нефтийн бүтээгдэхүүнийг хадгалдаг, тээвэрлэдэг Oiltanking Deutschland GmbH & Co. KG компани хакердуулсан гэж мэдэгдсэн. Үүнээс үүдэн "хязгаарлагдмал хүчин чадалтай" ажиллахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Зарим мэдээллээр Oiltanking-ийн халдлага нь ransomware бөгөөд хакерууд мэдээлэл сөрөн, компьютерийн системийг золиослох хүртлээ ажиллахгүй болгосон гэжээ.
Өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ын нефтийн нийлүүлэгч Colonial Pipeline-д хакерууд халдлага үйлдсэний улмаас АНУ даяар нийлүүлэлт чангарч, олон мужид онц байдал зарлаж байсан билээ. Нидерландын газрын тосны томоохон компанийн ажилтан боомтын нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан гэж BBC-ийн сэтгүүлчид хэлсэн байна.
Мягмар гарагт газрын тосны нийлүүлэлт удааширч эхэлмэгц асуудал үүссэн гэдэг нь анх анзаарагдсан гэж ажилчид хэлжээ. Гэхдээ кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд олон удаагийн осол нь Европын эрчим хүчний салбарыг тасалдуулах нэгдсэн хүчин чармайлтын үр дүн гэж яаран дүгнэлт хийхээс болгоомжилж байгаа юм.
"Зарим төрлийн хортой программууд нь цахим шуудан болон холбоо барих хаягийн жагсаалтыг цуглуулж, автоматаар хортой хавсралт, холбоосыг спамлахад ашигладаг. Иймээс хуваалцсан холболттой компаниуд заримдаа дараалан өртөж болзошгүй" гэж кибер аюулгүй байдлын Emsisoft компанийн аюулын шинжээч Бретт Каллоу тайлбарлав.
Өөр нэг боломжит тайлбар нь бүх компаниуд хакеруудын халдлагад өртсөн байж болзошгүй үйл ажиллагаанд ижил программ хангамж ашигладаг байсантай нь холбоотой гэсэн тайлбар юм.
Мөрдөн байцаалтын ажиллагаа ид үргэлжилж байгаа учир дүгнэлт хийхэд эрт байгаа аж. Ямартаа ч газрын тосны үнэд нөлөөлөхүйц хэмжээний халдлага болоогүй гэсэн тайвшруулсан тайлбар давамгайлж байна.
Эх сурвалж: BBC News