Урд шөнө барилгын хашаанд гал гарч нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал хоёрдугаар сарын 4-ны шөнө 02:26 цагт ХУД-ийн 4-р хороо Мөнххада компанийн хажууд талд барилгын дэлгүүрт гал гарсан байна.
Гал гарч байна гэх дуудлагаар ГТУА 14-р ангийн салааны захирагч, Д/Ч З.Өсөхбаяр удирдсан есөн албан хаагч, хоёр автомашинтай гарч 02:34 цагт очиход ХУД-ын 4-р хороонд байрлах "Андын зам констаркшн" ХХК-ын баригдаж байгаа барилгын хашаанд байрлах 12*2 метрийн хэмжээтэй төмөр чингэлгийн дээвэр дээр 1,5*1,5 метрийн хэмжээтэй модон харуулын байр шатаж байсныг унтрааж чаджээ.
Харамсалтай нь галд 58 настай эрэгтэй иргэн Л өртөж нас барсан байсныг ХУД-н Цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөгч, ахмад Б.Мөнхнаранд хүлээлгэн өгч ажиллажээ.
Галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ялангуяа шөнө үүрийн цагаар гал гарч, амь нас, эрүүл мэндээр хохирох өндөр эрсдэлтэй байгаа тул цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангаж, асаасан арц хүж, зулыг хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.