Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, зарим сайд нарыг хүлээн авч уулзаж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар чиглэл өгсөн. Тэгвэл Засгийн газар, Сангийн яам энэ асуудлаар судалж, тодорхой шийдвэр гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, Сар шинийн өмнө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр гаргах юм байна.
Цар тахлын үед эдийн засгийн хүндрэл инфляцийн өсөлт нь бага орлоготой иргэдэд дарамт учруулж байгаа бөгөөд ялангуяа зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэрээрээ амьдардаг иргэдэд эдийн засгийн хүндрэл хүндээр тусч байгаа учраас ийн шийдвэр гаргах судалгааг Сангийн яам хийж байгаа юм байна.
Ингэхдээ Засгийн газар төсөвт тодотгол хийхгүйгээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр судалж байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн зүгээс инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг бий болгож байгаа. Иймд Засгийн газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг өчигдөр чиглэл болгосон.
Ямартай ч бар жилийн босгон дээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудал шийдэгдэх хүлээлттэй байна.