Сербийн эрх баригчид байгаль орчны асуудлаас болж литийн хайгуулын лицензээ цуцаллаа.
Нийт 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй литийн төслөөс татгалзаж буйгаа Сербийн эрх баригчид мэдэгдсэний дараах баасан гарагт Рио Тинтогийн хувьцааны ханш унаж, цахилгаан машинд ашигладаг металлын Европ дахь хамгийн том нийлүүлэгчдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлжээ.
Сербийн уг шийдвэр нь дөрөвдүгээр сард болох бүх нийтийн сонгууль ойртож байгаа, теннисний од Новак Жоковичийг Ковид-19-ийн журамтай холбоотойгоор Австралиас албадан гаргасны дараа Белград, Канберра хоёрын харилцаа муудсантай холбоотой гэж шинжээчид дүгнэж буй.
Рио Тинтогийн литийн төсөл нь батерейны гол бүрэлдэхүүн хэсэг болох литийн дэлхийн 10 том үйлдвэрлэгчийн нэг болох зорилго, найдварыг тас цохисон шийдвэр болсон юм.
Серби дэх литийн уурхай нь Риогийн цорын ганц литийн төсөл бөгөөд тус компани аккумляторын гол түүхий эдийн бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж байлаа.
Риогийн Австрали дахь хувьцааны ханш Австралийн хөрөнгийн зах зээл дээр 2021 оны 8-р сараас хойш ахин 4.1%-иар унаж, жишиг индекс 2.3%-иар буурчээ.
Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич Белград хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, 2027 онд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байсан 2.4 тэрбум долларын өртөгтэй Жадар дахь литийн төслийг зогсоох тухай эсэргүүцлийн хөдөлгөөний дараа ийм шийдвэрт хүрсэн гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн жил Засгийн газар литийн төслийг дэмжсэнийг эсэргүүцэн олон мянган сербичүүд Рио Тинтог эх орноосоо гарахыг шаардаж, орон нутгийн захиргаанаас уг байгууламжид газар олгох төлөвлөгөөгөө цуцлахыг шаардан жагсаал зохион байгуулж байлаа.
Рио-гийн зүгээс Сербийн эрх баригчдийн уг шийдвэрт маш их санаа зовниж байгаа бөгөөд энэ шийдвэрийн хууль эрх зүйн үндсийг хянаж байна гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.
Австралийн засгийн газар Риогийн лицензийг хүчингүй болгосон Сербийн шийдвэрт харамсаж байгаагаа мэдэгдээд "Рио Тинтогийн Сербид оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг бид онцолмоор байна. Австралийн нөөцийн компаниуд дэлхий даяар, ялангуяа тэдний мэргэжлийн ур чадварын хувьд гайхалтай нэр хүндтэй байдаг" гэж Ройтерс агентлагт өгсөн тайлбартаа онцолжээ.
Рио Серби дэх литийн ТЭЗҮ болон бусад судалгаанд 450 сая ам.доллар зарцуулсан гэж тус компани долдугаар сард дэлгэсэн төслийн баримт бичигт дурджээ.
эх сурвалж: CNN.com