Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр "ХӨСҮТ хүндрэлтэй болон хатгаатай хүмүүсийг авч эмчилж байгаа. Вакцин хийлгээгүй хүмүүс омикрон хувилбараар өвдөх магадлал 100 хувь. Хоёр тун вакцин хийлгээд 3-6 сараас дээш хугацаа өнгөрсөн бол өвдөх магадлал 75 хувь. Харин гурван тун вакцин хийлгээд хоёроос дээш долоо хоногийн хугацаа өнгөрсөн бол халдвараас 75 хувь хамгаална. Мөн шинж тэмдэгтэй хэлбэрээр өвдөхгүй гэсэн үг. Мөн өмнө нь өвдсөн хүн энэ хувилбараар дахин өвдөх магадлалтай.
Шинж тэмдэггүй хэлбэрээр өвдсөн хүмүүс оношлогдсоноос хойш тав хоногийн дотор бусдад халдвар тархаах магадлал хамгийн өндөр. Шинж тэмдэгтэй хүний тухайд эмнэл зүйн шинж тэмдэг эхлэхээс нэг хоногийн өмнөөс эхний гурав хоногт халдвар тараах магадлал хамгийн өндөр байна. Тиймээс халдвар авсан бол та эхний тав хоногт өндөр халдвар тараах магадлалтай гэж ойлгоод гэрийн нөхцөлд өөрийгөө тусгаарлан бусдад халдаахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй.
Шинж тэмдэггүй өвдсөн хүмүүсийн тухайд тав хоногийн дараагаас халдварлалтын процесс багасах учраас амны хаалтаа маш сайн зүүж, нийтийн дунд хүн хоорондын зай бариад дараагийн тав хоногт нийгмийн харилцаанд орж болно. Иймд бид тандалтын болон эмчилгээ оношилгооны удирдамждаа халдвартай байх хугацааг 5-10 хоног гэж хоёр янзаар зааж өгсөн. Одоо 14 хоног болоход хүнд хөнгөн аль ч хэлбэрээр өвдсөн иргэн бусдад халдвар тараах магадлал тун бага байна гэдэг судалгаа, дата гарсан байна" гэв.