Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр нар оролцож байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Тандалт судалгааг байнга хийдэг. Тандалт судалгаанаа харахад сүүлийн үед таваас дээш кластер өнөөдрийн байдлаар 32 бүртгэгдсэн. Ажлын байр гэр бүлээс халдвар авах тохиолдол өндөр байна. Түүнчлэн сүүлийн тав хоног зорчсон тэмдэглэлийг үзэхэд, дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээвэр, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байх үедээ 63 хувь нь халдвар авсан байна.
Хүүхдийн өвчлөлийн хувьд өмнөх альфа болон дельта хувилбарын хувьд 5 хүн тутмын нэг нь хүүхдүүд байдаг. Тэгвэл омикрон шинэ хувилбарын хувьд энэ тоо яльгүй ихсэн 21.7 хувь болсон. Нийт өвчлөлийг насны бүлгээр харьцуулж харвал 0-4 насны хүүхдүүд 26.7 хувь, 5-11 насны хүүхдүүд 46.3 хувь энэ хоёр бүлэг нийлээд 73 хувьтай байна. 0-11 насны хүүхдүүд ковидийн вакцинжуулалт хамрагдаагүй энэ бүлэгт өвчлөл өндөр байгааг харж байна.
Бидэнд омикроны давлагаатай зэрэгцээд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирал ирсэн байгаа. Сүүлийн долоо хоногийн мэдээгээр томуу төст өвчнийг үүсгэгч таван төрлийн вирус орчилд орсон.
Тиймээс цагаан сарыг гэр бүлийн хүрээлэлд биш зөвхөн гэр гэртээ тэмдэглэх уриалгыг дагах шаардлагатай байна.
ХӨСҮТ дээр явдаг хувилбарын тандалтын талаарх мэдээллийг хүргэе. Бид өмнө нь нэгдүгээр сарын 6-нд омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12, дотоодод бүртгэгдсэн таван тохиолдлыг зарласан. Өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 13 тохиолдол омикрон хувилбар болох нь батлагдсан. Түүнчлэн дотоодын сорьцод тандалт хийхэд омикрон хувилбарын зургаан тохиолдол батлагдсан. Тэгэхээр NGS шинжилгээгээр нийтдээ зөөвөрлөгдсөн 25, дотоодын 11, нийт 36 тохиолдол батлагдаад байна.
PCR хувилбарын тандалтыг энэ долоо хоногийн нэг дэх өдөр мэдээлсэн. Уг шинжилгээгээр нийт тохиолдлын 91 хувьд омикрон хувилбар тархсан байгаа" гэв.