Гаитигийн ерөнхийлөгч Жовенел Мойсыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан Жон Жоэл Жозефыг баривчилсан тухай Ямайкийн цагдаа нар мэдэгдлээ.
Гаити улсын ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Жон Жоэл Жозеф өмнө нь сенатороор сонгогдож байсан нэгэн юм. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хүсэлтийн дагуу Жон Жоэл Жозефыг баривчилсан гэгдэж байгаа ч ХМТ-ноос ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Мөн түүнийг Ямайкийн хаана байхад нь баривчилсан зэрэг мэдээлэл ч тодорхойгүй байгаа аж.
Ямайкийн цагдаагийн ахлагч Стефани Линдсей "Ассошиэйтед Пресс" агентлагт хэлэхдээ, Жозефын хамт өөр зарим хүмүүсийг баривчилсан. Мөн бямба гарагийн үүрээр баривчилсан, олон шалтгааны улмаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.
Гаитигийн Ерөнхий сайд өөрийн твиттер хуудастаа "Жон Жоэл Жозефыг баривчилсан нь аллагад шууд болон шууд бусаар оролцсон хүмүүст нуугдах газар байхгүй гэдгийг харуулж байна" гэж нийтэлсэн байна.
Жозеф бол ерөнхийлөгч Жовенел Мойсын аллагад сэжиглэгдэн Ямайкад баривчлагдсан хоёр дахь хүн болж байна. Өнгөрсөн оны Аравдугаар сарын сүүлээр Ямайкийн эрх баригчид Колумбын цэрэг асан Марио Антонио Паласиосыг мөн сэжиглэж баривчилж, саяхан АНУ шилжүүлэн өгсөн.
Сануулахад, автомат буугаар зэвсэглэсэн алуурчид Мойсын Порт-о-Пренс толгод дахь хувийн байшин руу дайран орж, түүнийг буудан хөнөөж, эхнэрийг нь шархдуулсан халдлагатай холбогдуулан 40 гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэдний 18 нь Колумбын цэрэг асан хүмүүс байлаа.
Гайтийн шоронд хоригдож байгаа эдгээр сэжигтнүүд эрх баригчдыг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгажээ. Харамсалтай нь ерөнхийлөгчийн амь насыг юуны учир хохироосон, захиалагч нь хэн гэдгийг тодруулахад маш их хугацаа орно гэдгийг ХМТ мэдэгдсэн юм.