"Хувцас бурхан бие чөтгөр" гэж Монголчууд ярьдаг. Тэгээд ч өнөөгийн нийгэмд "Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг" гэсэн үг биеллээ олсоор удаж байгаа билээ. Бид энэ удаагийн “Хөрөг” нэвтрүүлэгтээ “Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Энхбаатарыг урьж ярилцлаа.
-Хамгийн гоё чамин тансаг хувцас хэрхэн бүтдэг вэ?
-Итгэлцэлгүйгээр гайхширсан, юу болох бол доо, энэ Кадр надад юу хийж өгөх бол доо гэдэг бодол надад төвөгтэй байдаг. Тийм эргэлзээтэй, шокны байдалтай хүнтэй харьцахад хүртэл надаас тэр хүнд зориулж гоё юм хийхэд гар хөдөлдөггүй, миний сэтгэл хөдөлдөггүй. Итгэлцэл гэдэг зүйлээс хамгийн гайхамшигтай, хамгийн гоё хувцсыг бий болгож 100 хувь чадна.
-Таны загварын шоу өөр өөр тайзан дээр тэр тусмаа монголд анхдагч нь болон хийгдэж байсан.
-Загварын тайз маш чухал зүйл. Бид Runway-г монголд Соёлын төв ордон юм уу эсвэл ямар нэг байдлаар хэвийн, давтамжтай тайз, дэлгэцийг их олон удаа харсан шүү дээ. “Гоёл” наадам байна. Тийм учраас би Fashion Show-ныхаа тайзыг ондоо байлгахыг хүсдэг.
-Ажилдаа баримталдаг зарчим тань юу вэ?
Ажилдаа баримталдаг зарчим бол хурд. Цаг хугацаа бол маш хайран, хоромхон зүйл. Цаг хугацаатай бид уралдаж алхдаг. Тэр тусмаа загвар гэдэг салбар өдрөөс өдөрт шинэчлэгдэж, шинэ трэнд гарч, шинэ брэндүүд бий болж байна. Дэлхий нийтээр шинэ загварыг эрэлхийлдэг болж байна. Тийм учраас бидэнд бодоод, тунгаах цаг минут их ховор. Би хурдыг их эрхэмлэдэг. Маш хүчтэй хөдөлгүүртэй байх хэрэгтэй гэж боддог.
-Хамгийн сүүлд танилцуулсан “Хүйсгүй загвар”-ынхаа талаар сонирхуулахгүй юу? Яагаад хүйсгүй гэж тодотгов?
-Мэргэжлийн дизайнеруудын холбооноос зохион байгуулагдсан арга хэмжээнд би “Хүйсгүй загвар”-аар оролцсон. Үүгээрээ ялгаварлан гадуурхлыг зогсоох гэсэн юм. Бид боловсролтой, ухаант ард түмэн. Тиймээс бид ямарваа нэгэн зүйлийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэдгийг багаасаа бүгдээрээ мэддэг, мэдсээр байсан ч гэсэн хэрэгжүүлэх процесс удаан, шууд ярьсан шигээ байж чаддаггүй. Тиймээс коллекцио гаргасан. Хоёрт, монголын загварын салбарт дутагдсан нэг өнцөг. Шоу гэдэг чинь гоё сайхан зүйлийг харах, мэдэхгүй зүйлээ олж үзэх, түүнээсээ таашаал авах зүйлийг шоу гээд байгаа шүү дээ. Тийм учраас би албаар “Хүйсгүй загвар”-аа бий болгосон. Бас өнгө гэдэг зүйл ямар чухал юм бэ. Өнгө ямар хэрэгтэй вэ гэдгийг харуулсан.
Нэг ёсны дизайнер хүн сэтгэл зүйчтэй яг адилхан. Тантай ярилцаж байж таны дотор нуугдаж байсан тэр өнгийг олж, ил гаргаад өмсгөхөд та өөртөө итгэлтэй болох. Таныг энергийг мэдэрч байж түүнийг гаргадаг. Хурдан байна уу, миний ажлыг удаашруулна уу тэр надад асуудалгүй. Яагаад гэвэл хүн болгон мөрөөдөлтэй байдаг байхгүй юу. Гоё зүйл өмсөхийг хүсдэг байсан тэр зүйл. Эсвэл олон ээмэг зүүхийг, шивээстэй болохыг хүсдэг байсан ч нийгэм, ажил, амьдрал, аав ээж, найз нөхөд гэж дарагдсаар байгаад нөгөө гоё зүйлээ хүн мартчихсан байдаг. Тэгээд ярилцаад эхлэхээр “Нээрээ би жаахан байхдаа яг ингэж хүсдэг байсан. Би яг үүнийг мөрөөддөг байсан. Энэ миний мөрөөдлийн даашинз мөн байна” гэж гарч ирдэг. Энэ бол хүн болгонд байдаг өнгө. Тэрийг нь би ярилцаж байж гаргадаг. Зүгээр загвараараа “Энэ миний загвар, үүнийг сонгоод өмс, өмсөхгүй бол боль, яагаад гэвэл энэ миний загвар” тэр нь өөрт нь суухгүй байсан ч хамаагүй, өөрт нь таарахгүй байсан ч хамаагүй “Энэ үнэтэй брэндийн хувцас шүү дээ” гээд өмсдөг хүмүүс байдаг. Гэхдээ би хүнд аль болох тийм биш, хүнд өөрийнх нь хүссэн, өөрт нь яг зохисон загварыг өмсүүлэх их дуртай.
“Уйтгартай Улаанбаатарт өнгө нэмэн алхая залуучууд аа” гэдэг уриаг би хэлээд байгаа юм. Яагаад уйтгартай Улаанбаатар гээд байгаа юм бэ гэхээр уг нь манай Улаанбаатар чинь Азийн цагаан дагина гэж нэрлэгддэг ямар сайхан хот байсан билээ. Одоо хотын зохион байгуулалт маш муу байна. Баригдаж байгаа барилгуудын өнгө дандаа бараан байна. Гадаа утаатай, шороо тоостой байна. Стрессдэх зүйлийг бидэнд нийгмээс маш их өгдөг. Түгжрэл, хүмүүсийн харилцаа, худалдан авалт, ажил төрөл гэх мэтчилэн хүмүүс өөрсдийн ажлын амбицаараа хүртэл дарамталдаг нийгэм бий болгочихсон. Тиймээс би албаар уйтгартай Улаанбаатар гэж нэрлээд байгаа юм. Харин ийм уйтгартай Улаанбаатарт өнгө нэмэн алхах нь залуучууд бид байхгүй юу. Бид өнгө нэмэн алхана. Өнгө нэмэхдээ миний өнгө өнгийн хувцсыг өмсөөд алхаад бай гэсэн үг биш. Соёлтой байцгаая. Бид өөрсдөө хариуцлагатай байцгаая, тэгж байж энэ хот өнгөтэй болох гээд байна, гэрэлтэх гээд байна шүү дээ гэдэг зүйлийг би нийт залуучууд руугаа чиглүүлээд байгаа юм.
-Бусдын шүүмжлэл магтаалыг хэрхэн хүлээж авдаг вэ?
Ихэнх хүмүүс коммент бичихдээ үүнийг хэн өмсөх вэ, хайран материал гэдэг. Гэхдээ заавал тэднийг худалдаанд гаргах гэж байгаа юм биш. Би зүгээр л хүмүүс гоё юм үзээсэй, хүмүүс гоё юмыг хараад алмайраасай гэдэг зүйлийг л хүссэн.
Дэлгээд өгье л дөө. Томоор харья л даа. Нэгэнт л би дизайнер гэдэг мэргэжлийг эзэмшсэн юм бол даашинз хийгээд суумааргүй байна шүү дээ. Бүх юман дээр ажилламаар байна. “Кадр” брэндийн давуу тал гэх юм бол шоу энтертайнмент, телевизийн том, том контентуудын ард гарч байна. Кино урлагийн стилист хувцсыг нь хариуцаж байна. Хамтлаг, дуучдын тоглолт гэх мэтчилэн…Бид баригдаж, хумигдаж болохгүй. Бид аль болох боломж байвал гарах л хэрэгтэй, боломж байвал өөр зүйлийг мэдрэх л хэрэгтэй. Зөвхөн би гоёлын даашинз хийнэ, өөр юм хийдэггүй ээ гэдэг зүйл бол аминчхан, жижигхэн зүйл юм болов уу гэж боддог. Эсрэгээрээ бас ингэж магадгүй. Хийж чаддаг юмаа хийнэ гэдэг нь давуу тал. Чадахгүй мөртлөө үсэрдэг хүмүүс байдаг шүү дээ. Харин тийм биш л гэж хэлж байгаа юм шүү.
Би сургуулиа төгсөөд хятадад ажиллаж байгаад ирсэн. Ямар их ялгаатай, ондоо юм бэ гэдгийг тэндээс хараад байгаа юм. Тэгээд би ямар ч гэсэн өөрийнхөө загвараараа нийгэмд дуу хоолой болох юм байна. Миний ганц хийж чадах зүйл бол энэ. Би тэгэхгүйгээр талбай дээр бослого гаргаад лоозон бариад, фейсбүүкээр лайв хийгээд улс төрийг, нийгмийн асуудлуудыг шийдэж чадахгүй юм байна. Харин миний хийж чадах зүйл гэвэл би өөрийнхөө загвараараа дуу хоолой болох ёстой юм байна гэдгийг ойлгож аваад байна.