УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар мэндчилгээ дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “2021 оноо үдэж, 2022 шинэ оноо бид угтаж байна. Өнгөрсөн он маань цар тахалтай жилүүдийн үргэлжлэл болж, олон айл өрх маань зовлон, бэрхшээл амссан амаргүй, хэцүү он байлаа. Цөөнгүй хүмүүс маань хайртай хүнээ алдсан хэцүү, бэрхийг амссан ийм он жил байсныг бид он жилүүдэд мартахгүй, дурсан санах болно. Хүний амьдралын хамгийн сайхан дурсамжтай хэсэг шинэ оноо угтах, шинэ жилийн баяраа тэмдэглэх явдал байдаг. Сайхан дурсамжуудын нэг хэсэг бол шинэ оноо угтах хэдий хэцүү, амаргүй байлаа ч гэсэн бид шинэ онд итгэл найдвар тавьж шинэ хүсэл, мөрөөдөл, итгэл найдвараар угтаж ордог. 2022 ондоо айл өрхүүд маань өмнөх он шиг хэцүү, бэрх замыг туулснаа мартаж, эрүүл энхээр бялхсан, инээд хөөрөөр дүүрсэн ийм он жил байх болно гэдэгт би итгэлтэй байна. Их зохиолч Д.Нацагдоржийн хэлснээр “Жаргалан жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан, түүний доторх чухам жаргалан, эрүүл энхийн нэгэн жаргалан” гэж хэлсэн байдаг. “Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс” гэж. Бидний хувьд хамгийн чухал юм бол 2020, 2021 он бол бидэнд эрүүл мэндээ анхаарахыг ухааруулсан он жил байлаа. 2022 ондоо бид олон сайн сайхан зүйлийг бүтээсэн, хийж чадсан, тавьсан зорилгодоо хүрсэн ийм он байх болно гэдэгт итгэл дүүрэн байна. Шинэ жилийн баяр нэг ёсондоо гэр бүлийн баяр байдаг. Гэр бүлээрээ шинэ оноо угтан тэмдэглэж байгаа сайхан мөчид та бүхэндээ инээд хөөр, баяр баясгалан, аз жаргал дүүрэн байхыг хүсэн ерөөж байна. Нийт монголчууддаа, нийт нийслэлчүүддээ, намайг УИХ-д илгээсэн Чингэлтэйчүүд та бүхэндээ шинэ оны баярын халуун мэндийг хүргэе.