Афганистаны төрийн эрхийг булаан авсан Талибанчууд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан шийдвэрүүд гаргах болсон. Тэд ахин нэг шийдвэр гаргасан нь ганц бие эмэгтэй хүн 45 миль буюу 72 км-ээс хол явахыг хориглов.
Авто замаар хол замд явах гэж буй афган эмэгтэйчүүдийг зөвхөн төрөл садангийнх нь эрэгтэй хүн дагуулж явах тохиолдолд тээвэрлэхийг жолооч нар анхааруулж буй аж. Мөн толгой нүүрээ бүрхээгүй эмэгтэйчүүдийг тээвэрлэхгүй байхыг уриалаад зогсохгүй тээврийн хэрэгсэлд ямар ч хөгжим тоглуулагч ажиллах ёсгүй гэж заажээ.
Хүний эрхийн идэвхтнүүд талибанчууд эмэгтэйчүүдэд зориулан гаргаж буй шинэ хязгаарлалтууд нь тэднийг хоригдол болгох тал руу шилжиж байгаагийн илрэл гэж үзэж байна.
Хүний эрхийн кампанит ажлын бүлгийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хэсгийн дэд захирал Хизер Барр Франс Пресс агентлагт хэлэхдээ, уг тушаал нь "Эмэгтэйчүүд гэр орондоо хүчирхийлэлд өртөх юм бол чөлөөтэй хөдөлж, зугтах боломжийг хааж байна" гэжээ.
Кабул хотод амьдардаг, эх баригч эмч Фатима “Энэ шийдвэр үнэхээр хэцүү санагдаж байна. Би бие даан гарч ирж чадахгүй боллоо. Би эсвэл хүүхэд минь өвдөхөд нөхөр минь гэртээ байхгүй бол яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Талибанчууд бидний аз жаргалыг биднээс булаан авсан. Бид тусгаар тогтнол, аз жаргалаа бүгдийг нь алдсан” гэж BBC-ийн сэтгүүлчид хэлжээ.