БОАЖЯ-ны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл "НМХГ-аас хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Хяналт шалгатын долоо хоногийн мэдээгээр авто тээврийн товчоод дээр агаарын чанар сайжруулах журмыг зөрчин Улаанбаатар хотоос сайжруулсан түлш авч гарахыг завдсан зөрчилд торгууль ногдуулсан. Мөн түүхий нүүрс Улаанбаатар хот руу оруулахыг завдсан нэг зөрчилд торгуулийн арга хэмжээ ногдуулсан.
"Таван толгой Түлш" ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тогтмол хяналт, шалгат хийж байна. Баруун бүсээс хоёр шугамаас дээж аван лабораторийн шинжилгээнд хамруулахад, шахмал түлшний үнслэг, чийглэг, бат, бөх, дэгдэмхий, хүхэрлэг зэрэг үзүүлэлтүүд Монгол Улсын стандартын шаардлагыг хангаж байна гэж гарсан.
Хяналт шалгалтын явцад түүхий нүүрс хадгалж байсан дөрвөн зөрчлийг илрүүлсэн" хэмээн ярилаа.
"Таван Толгой Түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек "Таван Толгой Түлш компани нийслэлийн иргэдийн эрэлтэд нийцүүлэн өдөрт дунджаар 3,200 тонн шахмал түлшийг үйлдвэрлэн, мөн энэ хэмжээний түлшийг түгээлтэд гаргаж байгаа. Шахмал түлшний гол түүхий эд болох мидлингийн энэ өвлийн нөөц бүрдсэн бол барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байгаа. Шуудайг дахин ашиглаж байгаагаас гадна барьцалдуулагч, шуудайг БНХАУ-аас галт тэргээр татан авах ажлыг зохион байгуулж байна" гэдгийг хэллээ.