Зөрчлийн хуулиар 100 мянгаар торгуулсан С.Эрдэнийн хүү Э.Одбаяр шүүхэд гомдол гаргажээ. Түүний гомдлыг өнөөдөр хэлэлцэж, гомдлыг нь хангажээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалган шийдвэрлэх мэргэжил арга зүйн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас зөрчил холбогдогч Э.Одбаярт Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “…Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих…” зөрчил үйлдсэн гэж 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр №6506, №6507 дугаартай шийтгэлийн хуудсуудаар тус тус 100 /нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Шүүх зөрчилд холбогдогч Э.Одбаярын гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад зөрчилд холбогдогч Э.Одбаярыг “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь уг хуулийн Дөрөвдүгээр бүлэгт “…гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын бүрэн эрх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцогчийн эрх үүргийг” тодорхойлсон байх тул уг заалт нь иргэн Э.Одбаярын хуулиар хүлээсэн үүрэгт хамааралгүй гэж үзлээ.
Иймд зөрчилд холбогдогч Э.Одбаярт Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар