2021 оны 12 сарын эхний 20 хоногийн байдлаар эрүүлжүүлэхэд 8607 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Энэ тоо шинэ жилтэй холбогдуулан өсжээ. Өөрөөр хэлбэл хоногт 150-170 орчим хүн эрүүлжүүлэгддэг байсан бол 200-210 болтлоо нэмэгдээд байгаа юм. Мөн согтуугаар жолоо барьж байгаа иргэдийн тоо ч гэсэн үүнийг дагаад нэмэгдэж байгаа гэдгийг холбогдох байгууллагаас хэллээ. Өмнө нь өдөрт 40-45 хүн согтуугаар жолоо барьж бүртгэгддэг байсан бол одоо энэ тоо 60-70 болтлоо өссөн байна. Тэгвэл согтуугаар жолоо барьсан тохиолдолд тухайн иргэний жолооны эрхийг 6 сараас 2 жилийн хугацаанд хасаж, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлтэй. Харин архидан согтуурч гэр бүлийн гишүүдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулсан бол 7-30 хоног баривчлах, биед нь гэмтэл учруулсан тохиолдолд эрүү үүсгэх шийтгэл оноодог байна.
"Өмнөх 2020 онд цар тахлын нөхцөл байдлын үед хөл хориотой байсан. Аж ахуй нэгж байгууллагууд хөл хорионоос үүдэлтэй үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ жилийн хувьд тодорхой хүрээнд байгууллагуудын шинэ жил тэмдэглэх үйл ажиллагаа явагдаж байна. Үүнтэй холбоотой архи согтууруулах ундаа хэрэглэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа юм. Эрүүлжүүлэгдсэн хүний тухайд мөн урд оны энэ үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт харагдаж байгаа. Нэг ёсондоо эрүүлжүүлэгдсэн хүний тухайд 53,9 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байгаа юм. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо зодолдож танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлүүд бас бүртгэгдэж байна. Хоногт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ердийн нөхцөлд 120-130 хооронд бүртгэгддэг байсан бол одоо гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 150-160 болтлоо өссөн. Иймээс архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа иргэд ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар анхаарах шаардлагатай байна.
Хэрэв шинэ жилийн баярын арга хэмжээ тэмдэглэж байгаа бол аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа тарсны дараа ажилчдаа гэр лүү нь харгалзах хүнтэйгээр нэгнийгээ хүргэж өгөх,тусгайлан ажилтан албан хаагчдаа зориулалтын автобусаар тээвэрлэх, аюулгүй байдлыг нь хангах тал дээр анхаармаар байгаа юм. Үүнтэй холбогдуулаад цагдаагийн байгууллагаас “Хариуцлагаар үлгэрлэе” гэсэн аяныг 12-р сарын 13-ны өдрөөс эхлэн нэгдсэн арга хэмжээг он дуустал зохион байгуулж байгаа. Архи согтууруулах ундааг хэрэглүүлэх нэрийдлээр нэгнийгээ шахаж согтоох гэмт хэрэг зөрчлийн хохирогч болох ч зэрэг ийм байдал үүсэж болзошгүй учраас иргэд энэ асуудал анхаарах шаардлагатай байгаа" гэж НЦУГ-ын УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн хэллээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэн саатуулах төвд очиход цөөн тооны иргэд байсан юм. Эрүүлжүүлэхэд байгаа зарим иргэдийн хувьд архи нь ч гараагүй байлаа. Ингээд тус төвийн ачаалал, үйл ажиллагааны талаар асуухад НЦУГ-ын эрүүлжүүлэн, саатуулах төвийн жижүүр эмч, ахмад Э.Мөнхжаргал "Ковидтой холбоотойгоор нэг өрөөнд арван хүн авч байгаа. Манайх өдрийн цагаар ачаалал бага.
Харин оройн цагаар гэртээ агсам тавьсан гудамж талбайд танхайрсан хүмүүс ирдэг гээд ер нь ачаалал ихэсдэг. Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна. Өдөрт ирж байгаа 60 хүний 30 нь гэр бүлийн хүчирхийлэл гэсэн дуудлагаар ирж байгаа" гэв.
Архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, янз бүрийн зөрчил гаргахаас болгоомжилж сэрэмжтэй байхыг анхааруулж байна.