Олон улсад алдаршсан түргэн хоолны сүлжээ Макдоналдсийн эсрэг гомдол өнгөрсөн хоёрдугаар сард шүүхэд иржээ. Уг нэхэмжлэлийг Херб Вашингтон гэгч эр гаргасан бөгөөд “Макдоналдс ресторан түүнийг чинээлэг дүүрэг дэх сүлжээг рестораныг нь худалдан авахыг зөвшөөрөөгүй нь арьсны өнгөтэй нь холбоотой” гэжээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсны улмаас түүний төлбөрийн чадамжийг үл тоон, зөвхөн хар арьстай гэдгээр нь шалтаглаж буйг нотолсон уг хэрэгт Макдоналдс компани 33.5 сая ам.доллар төлөхөөр болжээ.
Херб Вашингтон өнгөрсөн хоёрдугаар сард Охайо, Пенсильвани мужуудад Макдоналдсын арав гаруй салбар ресторан эзэмшдэг байсан бөгөөд тус компани цагаан арьстны эздэд илүү ээлтэй хандаж, ресторан худалдаж авах боломжийг хаасан, мөн чинээлэг дүүргүүд дэх салбараа зөвхөн цагаан арьстнуудад өгдөг гэсэн гомдол ч давхар гаргажээ.
Макдоналдсын зүгээс өнгөрсөн пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ “Херб Вашингтонд нөхөн төлбөр олгож буйгаа мэдэгдээд түүнд төлж буй мөнгө нь салбар рестораны үнэ цэнийг шударгаар тооцсон үнэ" гэжээ. Мөн "Бидний үйлчилж буй олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг амлалтдаа үргэлжлүүлэн анхаарлаа хандуулах боломжийг уг хэрэг бидэнд олгож байна. Макдоналдс хэзээ ч ялгаварлан гадуурхдаг газар байгаагүй" гэдгээ онцолсон байна.
Охайо мужийн Янгстаун дахь Дүүргийн шүүхэд гаргасан уг нэхэмжлэлд Макдоналдсын зүгээс Хебр Вашингтоныг ядуу дүүрэгт байрлах дэлгүүрүүд рүү чиглүүлэхийг хичээсэн гээд "Хар арьст эзэдтэй салбарын нэг жилийн дундаж борлуулалт нь цагаан арьстан эзэдтэйгийнхээс 700,000 доллараар бага байна" гэдгийг нотолжээ.
Сонирхуулахад, 2020 оны 9-р сард франчайз эзэмшигч 50 гаруй хар арьстан өөр нэг компанийг ижил төстэй хэргээр шүүхэд өгсөн. Энэхүү нэхэмжлэлд хар арьстай эздэд хамгаалалт, даатгалын зардал өндөртэй ядуу дүүрэг, хороололд салбар худалдаж авахыг санал болгосон бөгөөд засварын үеэр түрээсийн хөнгөлөлт олгохоос татгалзсан ч цагаан арьстнуудад хөнгөлөлт олгосон гэсэн байжээ. Эрх чөлөөний хэмээгдэх АНУ-д арьс өнгөөр ялгаварлан үзэх үзэл өнөөг хүртэл оршиж нийгмийн янз бүрийн давхрага, тэр бүү хэл бизнесийн салбарт ч шударга бусаар ялгаварлан гадуурхах явдал арилахгүй байгаа юм.