Чилийн дарангуйлагч Аугусто Пиночетын бэлэвсэн эхнэр Люсиа Хириарт 99 насандаа таалал төгссөнийг ар гэрийнхэн нь олон нийтэд мэдэгдлээ.
Люсиа Хириарт Чиличүүдийн дунд Пиночетэд хамгийн их нөлөөтэй байснаараа, гэр бүлийнх нь хуримтлуулсан хөрөнгө чинээгээрээ алдаршсан эмэгтэй байлаа.
“Хайрт эмээ минь 99 насандаа гэр бүл, хайртай хүмүүсийнхээ хүрээлэлд хорвоог орхилоо. Тэр бидний зүрх сэтгэлд томоохон орон зай үлдээн одлоо. Түүний ажил, амьдралаа бүхэлд нь Чили улсын төлөө зориулсныг түүх гэрчилнэ. Амар тайван нойрсдоо" гэж түүний ач охин Карина Пиночет Твиттер хуудсандаа нийтэлжээ.
Сануулахад, Цэргийн генерал Аугусто Пиночет 1973 онд цус асгаруулсан төрийн эргэлт хийж, ардчилсан замаар сонгогдсон зүүний засгийн газрыг түлхэн унагав. Түүний 17 жилийн дарангуйллын хугацаанд 3000 гаруй хүн алагдаж, ор сураггүй алга болж, олон арван мянган хүн тамлагдаж байжээ.
1970, 1980-аад оны Пиночетийн дарангуйллын үед Чили улс өнөөгийн чөлөөт зах зээлд чиглэсэн эдийн засгийн тогтолцоогоо бүрдүүлж, олон арван жилийн өсөлттэй явж ирсэн хэдий тэгш бус байдал нь хэтэрсэн юм.
Сэтгүүлч Алехандра Матусын Пиночетийн намтар номд Люсиа Хириарт нөхрөө байнга шүүмжилдэг хатуу ширүүн дүрээр дүрслэгдсэн байдаг. Тэд 1943 онд гэрлэжээ.
Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Габриэль Борик "Лусиа Хириарт манай улсад гүн шаналал авчирч, хагарал хагацал учруулсан ч ямар ч шийтгэлгүй амьдарсан" гэж твиттер хуудсандаа бичжээ. Тэрээр дарангуйллын хохирогчдод "илүү их хүндэтгэл" үзүүлж, Чиличүүдийг "шударга ёс, нэр төртэй амьдралын төлөө" зүтгэхийг уриалсан юм.