Инновац, цахим бодлогын болон Эдийн засгийн байнгын хороод "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Өнгөрөгч 11 дүгээр сарын эхээр Монгол улсад виртуал хөрөнгийн 8 төрлийн бирж л байсан бол өнөөдөр энэ тоо 22 болж өссөн байна. Ердөө ганцхан сарын дотор гэхэд маш өндөр тоо. Түүнчлэн хоёрдогч зах зээлд арилжаалагдаж байгаа, анхдагч зах зээлийн захиалгаа авч байгаа, гаргахаар бэлтгэж байгаа нийт токений тоо 67 болсон байна.
Өнгөрсөн хугацаанд виртуал хөрөнгө ашиглан татан төвлөрүүлсэн хөрөнгийн нийт дүн 339 тэрбумд хүрч, арилжааны нийт дүн таамгаар 7-10 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бүхний цаана санхүүгийн гэмт хэрэг буюу зах зээлийн манипуляци хийгдэх эрсдэл өндөр байгаа. Тиймээс "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль"-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай байна.
Хэрэв койн токен ашиглан "зах зээлийн манипуляци" хийх буюу зах зээлийн зарчмыг зориуд алдагдуулсан, үнэ тогтоосон, худалдан авалт болон худалдаалалтад зориудаар нөлөөлсөн зэрэг бусдыг залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгаж 2-8 жилийн хорих ялын санкцитайгаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болно.