Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татахыг саналыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Өмнөд Солонгост амьдарч буй 13 настай монгол охин сургуулийнхаа дээд ангийн сурагчдад зургаан цагийн турш зодуулсан хэрэгтэй холбогдуулан иргэдийн зүгээс Элчин сайдын яам, консулын алба хангалттай ажлаа хийж чадахгүй байна гэсэн гомдол маш ихээр иржээ.
Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудал Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг. Хэрэв Ерөнхийлөгч уг саналыг хүлээн авбал УИХ-ын Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Харин Консулын тухайд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татахаар шийдвэрлэжээ.
Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар дэлхийн 87 улсад 171-172 мянган монгол иргэн бий. Үүний 42 мянга нь Өмнөд Солонгост амьдардаг байна.