Пентагон Украин улсын армийн цэргүүдийг сургах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хурлын үеэр АНУ-ын зэр зэвсгийн тусламжийн багц тус улсад очсон тухай дурдлаа.
Аюулгүй байдлын тусламжийн 60 сая ам.долларын багцын нэг хэсэг болох бага оврын зэвсэг, сум зэргийг өнгөрсөн пүрэв гарагт Украинд хүргэсэн гэж Төрийн департаментын Улс төр-цэргийн асуудал эрхэлсэн товчооны албан тушаалтан мэдээллээ. Дараагийн тусламжаар эсэргүүцэгч миномётын радар зэрэг томоохон зэвсэг бүхий багцыг ирэх долоо хоногт хүргэхээр төлөвлөсөн байна.
Энэ оны Есдүгээр сарын 1-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Цагаан ордонд айлчлах үеэр Ерөнхийлөгч Жо Байден тусламжийн багцыг баталсан юм. Тусламжид танк эсэргүүцэх "Жавелин" пуужин зэрэг үхлийн аюултай элементүүд, мөн үхлийн бус хэрэгсэл багтсан гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби тайлбарласан.
Аюулгүй байдлын тусламжийн багц нь Украины өөрийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэх, ялангуяа тус улсын хилийн орчимд Оросын арми нэмэгдэж байгаатай холбоотой. ОХУ-ын арми Украины хилийн орчимд байршиж байгааг АНУ анхааралтай ажиглаж байгаа. АНУ-ын албаны хүмүүс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу довтлохоор шийдсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахын тулд НАТО болон Европын түншүүдтэйгээ нэгдэх тухай яриа ч гарах болсон.
Энэ жил АНУ Украинд аюулгүй байдлын чиглэлээр ойролцоогоор 450 сая ам.долларын тусламж үзүүлсэн тухай албаны хүмүүс мэдэгдсэн.
2014 онд Орос Крымын хойгийг эзлэн түрэмгийлснээс хойш АНУ Украинд 2.5 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлээд байна. Мягмар гарагт Байден Путинтэй хийсэн виртуал уулзалтын үеэр Украины нутаг дэвсгэрт халдан довтлохгүй байх талаар анхааруулж, Оросын арми дайралт хийсэн тохиолдолд эдийн засгийн хэд хэдэн хатуу хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулсан билээ.