Үндэсний статистикийн хорооны 2020 оны мэдээллээр монголд буддын шашны 150 сүм хийд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Монгол улсад Бурхан шашинтны төв ГАНДАНТЭГЧИНЛЭН хийд хэвийн ажиллаж, 1382 лам сүсэгтэн олонд “үйлчилж” буй.
Гэтэл Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг 32 тэрбумаар “Богд Зонхова”-ийн хөшөө, түүх шашны соёлын төв барих ажлыг санаачилсан ГИШҮҮДИЙН НЭГ ба иргэдийн хүсэл, шүүмжлэлийг үл тоож, “Монголд ганц бурхны төв барих нь юу нь буруу гэж” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрээр, "Уулын орой дээр энэ төслийг хэрэгжүүлэх гэж байна гэж анхнаасаа тодорхой байсан. Энэ бол түүхийн чухал дурсгалтай газар. Өвчин зовлон хэцүүдэж байна. Европт тав дахь давлагаа эхэлж байна. Дасан зохицож аялал жуулчлал сэргэж байгаа. Жуулчид ирээд юу үзэж харах уу. Энэ том төсөл явах ёстой. Сургууль, эмнэлэгт өчнөөн л мөнгө зарцуулж байхад жуулчдад зориулж ганц бурхны төв барихад юу нь буруу гэж" хэлжээ.
Ахин хэлье, жуулчид ирээд үзчих Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд гэж бий, Зайсан толгой дахь бурхан багшийн хөшөө буй, монголын талаар нэг 150 сүм хийд ч бий. Үнэхээр жуулчдад юм үзүүлмээр байгаа бол одоо байгаа соёлын дурсгалт газар, музейнүүдээ сэргээх нэн тэргүүний шаардлагатай ажлууд ч хүлээгдэж буй.
Иргэд яагаад 32 тэрбумаар бурхны хөшөө барихыг эсэргүүцээд байгаа вэ гэвэл, цар тахал коронавирусээс үүдэн Дэлхий дахинаа хүнс, шатахууны үнийн өсөлт гаарч, монголд ч энэ өсөлт тойроогүй дайрч буй. Мөн хил хаагдсантай холбоотой бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийн үнэ нэмэгдэж, иргэдийн амьдрал статистик үзүүлэлтээр ч, бодит байдал дээр ч хүндэрч, дордчихоод байна.
Иргэдийн халаасан дахь мөнгө амьдралд нь үл хүрэлцэн яваа энэ өдрүүдэд харин төрийн түшээд нь бурхны хөшөө барина хэмээн унтууцан зүтгэсээр.
Үнэндээ хүний сүсэг бишрэл хөшөөтэй хөшөөгүй хүний сэтгэл зүрхэнд оршин байдаг зүйл. Хөшөө барилаа гээд нүгэл гэм цайрахгүй ба нүглийг үүрч л барна хэмээн БУДДА сургасан байдаг. Хөшөө барилаа гээд улсын эдийн засаг өсөхгүй ба хүний сэтгэлийн ариусал хүнээс л хамаарна. Будда өөрөө энгийн даруу эгэл бүхнийг эрхэмлэдэг ба хэлбэрт бус мөн чанарт анхаархыг ч сургадаг. Гэтэл бурхны шүтлэгтэн гэх Ц.Цэрэнпунцаг гишүүнээс эхлээд ШҮТДЭГ гэх бурхны шашнаа мухар сүсэг рүү гуйвуулж, мөн чанарт бус хэлбэр рүү далийлгаж, бурхны шашнийг түгээн дэлгэрүүлэх бус харин ч сөрөг сурталчилгаа болгон хувиргасаар.
Монгол Улсын төрийн соёрхолт, академич, цөмийн физикч Х.Намсрай "БУРХАН БАГШИЙН СУРГААЛ БА МОНГОЛ ОРОН" нийтлэлдээ,
“Орчлонгийн нэгэн гайхамшигтай зарчим бол аливаа юм энгийн байх нь түүний төгс төгөлдөрийн илрэл юм. Өөртөө илүүдэл юмс хурааж, хуримтлуулах нь зовлонд учрахын нэгэн хэлбэр гэж бурхан багш заасан байна. Хөрөнгөт нийгмийг сонгосон бидний хувьд хөгжлийнхөө эхэн үед аливаа юманд шохоорхон, бие биенээсээ өрсөн хөрөнгө мөнгөтэй болох сониуч зан нь өвөг дээдсийн маань хоёр идэхгүй хоосон хонохгүй гэсэн гайхамшигтай энгийн зарчим алдагдаж, улмаар хөрөнгө мөнгөний далайд живэх шахам болж байгааг бид анхаарах ёстой. Жишээ нь танан цагаан гэрээ хоёр өрөөгөөр сольж, түүнийгээ гурван өрөө, цаашлаад хаустай болох шунал, унадаг морио орчин үеийн хөнгөн тэргээр сольж, түүнийгээ өндөр үнэтэй жип машин болгох шунал, хурган дотортой монгол дээлээ ноорхон шубаар солих гэсэн шунал, олон арван мянган хундан цагаан хониныхоо аминд хүрч нүгэл үйлдэн Цагаан сараараа ууц тавьдаг өрсөлдөөн гэх мэт бэл бэнчинтэйгээ харуулах гэсэн юм шиг хэнээрхэлийн өрсөлдөөн, малчин удмын бидний үр садад уг нь огт хэрэггүй зүйл болохыг Бурханы сургаал бидэнд зааж өглөө. Манай лам хуваргууд, багш нарын хувьд шар торгон орхимж, ганган гар утас, өндөр үнэтэй жип машинаараа гангарах нь бас л Бурханы сургаалд харш болох нь тэр” гэж бичиж байжээ.
Ц.ЦЭРЭНПУНЦАГАА ХӨШӨӨ БАРИХ ЭСЭХ НЬ БУДДАД ХАМААГҮЙ! ХҮНИЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛ СЭТГЭЛД БАЙДАГ ЭД ЮМ ШҮҮ!
Бурхны сүсэгтэн бичив.