Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулан яваа авьяаслаг баритон Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд “Ардын жүжигчин” цол хүртээхээр болжээ.
Тэрээр Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалаж яваа монголынхоо бахархал болсон ДЭЛХИЙН ДУУЧИН юм.
Тэрбээр олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагналыг хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн урлагт цуурайтуулсан юм. Түүний энэхүү хүндтэй шагналыг 2021 оны 12 дугаар сарын 29-нд Дубай хотод гардуулах юм.
Тэрээр 2004-2009 онд Соёл Урлагийн Их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлаган дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос Сонгодог урлагийн гараагаа Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас эхлэж байсан манай шилдэг дуучин юм.
Тэрээр энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байсан.
2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн "Associacio d’Amics de l’Opera deSebadell"-ийн тусгай шагнал,
2015 онд "BBC Cardiff Singer of the World" тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
2016 онд "Seoul International Music Competition"-д III байрыг тус тус эзэлсэн.
Ийнхүү 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ. 2016 оноос эхлэн дэлхийн томоохон 10 гаруй театруудтай гэрээ байгуулан дэлхийн дуучин болсон түүхтэй. 2021 онд дэлхийн “ Шилдэг Баритон” дуучнаар шалгарсан Монголын бахархалт дуучин юм.
Монголын төр дэлхийн дуучныхаа авьяас, ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж үндсэн хуулиа баталж, Монгол улсаа тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх эрхэм цолоор шагнахаар боллоо.