Экологийн цагдаагийн албанаас “Эко 2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтаар илрүүлсэн хэргийн талаар мэдээллээ.
Тодруулбал, хууль бусаар мод бэлтгэх төрлийн гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 236 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 49.2 хувийг эзэлж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.6 дугаар зүйлд заасан хууль мод бэлтгэх гэмт хэрэг, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах зорилгоор улсын хэмжээнд “Эко 2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор давхардсан тоогоор 39 удаагийн эргүүл хяналт шалгалтыг 42 тээврийн хэрэгсэлтэй, цагдаагийн алба хаагч 122, мэргэжлийн хяналтын байцаагч 34, байгаль орчны улсын байцаагч 85, байгаль хамгаалагч 89, нийт 330 алба хаагчид хамтран зохион байгуулж гэмт хэргийн шинжтэй 102 үйлдлийг илрүүлж таслан зогсоосон.
Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг улсын хэмжээнд авч үзвэл 236 буюу 49.2 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 1 буюу 0.2 хувийг ой хээрийн түймэр тавих, 3 буюу 0.6 хувийг байгаль орчныг бохирдуулах, 1 буюу 0.2 хувь нь байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэрэг тус тус эзэлж байна.
Гэмт хэрэг илрүүлэлтийн талаар:
Тус албаны болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийг нэгтгэн авч шийдвэрлэх боломжтой 128 хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрх бүхий нэгжүүдэд хүргүүлэн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилласан. Экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас 18 хэргийг шүүхэд шилжүүлэх, 40 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, 33 хэргийг хаах, 6 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тус тус саналтайгаар нийт 97 хэргийг холбогдох байгууллагуудад шийдвэрлэхээр хүргүүлсэн байна. Мөн ойн цэвэрлэгээ хийх зөвшөөрлийн халхавчаар нойтон мод бэлтгэж мод, модон материалын захын ченжүүдэд худалдсан гэх хэргүүдийн тус тус шалгаж байна.
Хууль эрх зүй, журмийн талаар талаар:
Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.байнга тогтвортой;
2.2.бүлэглэж;
2.3.улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд;
2.4.төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасан байдаг.