"Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээ бүрдүүлэх" Үндэсний хорооны хуралдаан болж байна.
Хурлыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс өнөөдөр авлигын индексээр 111-т жагсаж байна. Энэ бол тийм ч таатай үзүүлэлт биш. Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Үүнтэй хялбар тэмцэх аргагүй. Учир нь энэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэлдэн бий болсон манай нийгмийн соёл, хөрсөөр төрийн үйлчилгээний хүнд суртлын асуудалтай бид нүүр тулж байна гэсэн үг.
Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Авлигын хэрэг дээр хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, хэн нэгэн завшиж болохгүй. УИХ дээр явж байгаа цахим багц хууль батлагдвал үүнийг нэг талд нь гаргаад дуусгаад явах хэрэгтэй.
Ерөнхий сайд дээр төрийн албан хаагчидтай холбоотой мэдээллүүд ирдэг. 700 гаруй асуудал өнгөрсөн 6-7 сард үүсээд 85 нь шүүхээр шийдэгдсэн. Би өөрөө Авлигын үндэсний хороог ахалчихаад үүний эсрэг ажиллахгүй.
Эрдэнэс Монголоос авахуулаад холбогдох нэр бүхий дарга нарт олон асуудал үүссэн шүү. Мэдээж хэргийн нууцтай холбоотой олон нийтэд зарлагдахгүй яваа. Над руу хэнээр ч яриулаад хэрэггүй. Би үүнд хатуу байна. Өнгөрсөн хугацаанд ч хатуу байсаар ирнэ. Цаашлаад энэ бүхнийг зарлаад явдаг эрх зүйн систем рүү орж болзошгүй шүү. Бид цаашдаа эрх зүйн орчныг цэгцлэх ёстой. Авлигын хэрэг хийгээд хялбаршуулсан байдлаар шийддэг ч иргэд их бухимддаг. Ял нь хөнгөн учраас гарч ирээд олон юм яриад байдаг. Энэ авлига албан тушаалын хэрэг дээр байж болохгүй эрх зүйн зохицуулалт руу явна. Авлигыг бүрдүүлж байгаа хөрс суурь дээр нарийвчилж ажиллах зайлшгүй шаардлага байна.
Манайд авлига гэж өөрсдөө үздэггүй асуудлууд байна. Жишээ нь есдүгээр сарын 1-нд боловсролын салбарт сургуулийн хуваарь солих, эрүүл мэндийн салбарт утасдаж эмнэлэгт хэвтэх, цэцэрлэгийн эрхлэгчид бэлэг өгч хүүхдээ оруулах, нийслэлд зөвшөөрөлтэй холбоотой хугацаа байхгүй учраас ширээн дороо дардаг асуудлууд, дүүргүүдтэй холбоотой олон зөвшөөрлүүд энэ бүхэнтэй холбоотой авлигын асуудал үүсдэг. Цаашдаа төрийн албан хаагчдын цалинг нэмэх бодлого барина. Төрийн албан хаагч өндөр цалинтай, цомхон бүтэцтэй байх ёстой" гэв.