Ковид-19 халдварын үед антибиотикийн хэрэглээний талаар УНТЭ-ийн уушгины их эмч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Ц.Батцэнгэл зөвлөлөө.
Ковид-19 халдвараар өвчилж буй хүмүүсийн 80 орчим хувь хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Хөнгөн хэлбэрт халдварын нийтлэг шинж нь хоолой өвдөх, амт үнэр алдах, булчин сулрах, нүдний салст өвдөх зэргээр илэрч буй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хөнгөн хэлбэрийн буюу урьдчилан сэргийлэх халдварын үед антибиотик хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.
Учир нь иргэд эмчилгээндээ дур мэдэн антибиотик ууж, тарьж хэрэглэх тохиолдол их байгаа юм. Хөнгөн хэлбэрийн халдварын үед антибиотик хэрэглэснээр биеийн дархлааны тогтолцоог дарангуйлах, эрүүл бактерийг устгах, бие махбодын зохистой тэнцвэрийг алдагдуулах зэргээр өвчнөө улам хүндрүүлэх эрсдэл бий болдог ажээ. Харин гэрийн нөхцөлд зайлшгүй антибиотик эмчилгээ хийх шаардлагатай тохиолдолд эмчийн зааврын дагуу ууж хэрэглэхийг зөвлөлөө.
Ямар тохиолдолд антибиотик хэрэглэх вэ?
- Хууч өвчинтэй хавсарсан үед
- Эмнэлзүй болон дүрс оношилгоонд хатгааны шинж тэмдэг илэрсэн
- Өвчтөнд бактерийн хатгаа илэрсэн тохиолдолд
- Эмнэлзүй хүнд хэлбэрийн үед ногоон өнгийн цэр гарч хүндэрсэн үед
- Амьсгалын замын архаг хууч өвчтэй үед ууж хэрэглэнэ