Гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт дээр гарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ковидийн цар тахлын нөхцөл байдлаас үүдээд гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт дээр гарч байгаа тээврийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор болон гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах зорилгоор ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Гол нэрийн импортын бараа бүтээгдэхүүн өнөөдөр Эрээн дээр гацсан байдалтай нийлүүлэлтийн шок үүсэж байна. Үүнд ажлын хэсэг бараа бүтээгдэхүүний хил гаалийн гарцыг нь нэмэгдүүлье гэж шийдсэн. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг энэ долоо хоногт бүрдүүлэхээр боллоо. Энэ хүрээнд тус боомтод хүнсний лаборатори байгуулна. Хүнс, гол нэрийн бүтээгдэхүүн болон эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг энэ долоо хоногтоо багтаан бүрдүүлнэ" гэв
Тэрээр эдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Махны үнэ буурахгүй байна гэж иргэд ярьж байна. Үнээ хадгалаад явах боломж юу байна вэ?
-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдий үнийг тогтвортой байлгах нөхцөл нь нөөцийг бүрдүүлэх явдал. Энэ ажлын хэсэг бол тээвэрлэлтээс үүсээд байгаа нийлүүлэлтийн шокийг арилгах, тээвэр зохицуулалтыг оновчтой хийх шийдэл гаргахыг зорьж ажиллаж байгаа. Махны үнийг аль болох боломжийн түвшинд барихыг чиглэл болгож байна. Тухайлбал, дээр ярьсанчлан мах худалдаалах цэгүүдийг нэмэгдүүлнэ.
-Дотооддоо тарьж ургуулсан ногооны үнэ өсөж байна. Зохицуулалт хийх ямар боломж байгаа вэ?
-Дотоодын хүнсний ногооны үнийн өсөлт мөн тээвэрлэлтийн шоктой холбоотой. Үнэ дээр нь засгийн газар шууд зохицуулалт хийх боломжгүй. Харин нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Өнөөдрийн авсан мэдээллээр Эрээн хотод хүнсний зориулалтын 40 вагон наашаа ачаа ачихад бэлэн болсон.