Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэрбум мод тарих санаачилгын хүрээнд Үндэсний хороо байгуулжээ.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл байгуулагдсан. Энэ хороог Ерөнхий сайд тэргүүлнэ. Хоёр дэд даргатай. Дэд даргаар БОАЖ-ын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мөн бусад холбогдох салбар дундын уялдаа холбоог зохицуулах үүрэг бүхий сайд нар байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцон үндэсний хороо ажиллахаар боллоо.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн тооцоо судалгаа гарсан. Үүнээс 23 хувь нь буюу 30 орчим га талбай хүчтэй цөлжилттэй гэсэн ангилалд багтаж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих ажлын хүрээнд БОАЖЯ-нд Үндэсний хороог байгууллаа. Хорооноос тэрбум мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулна.
Ингэхдээ уулнаас мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжихгүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац байгаа. Хэрэв 100 сая суулгац хэрэгтэй гэвэл одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлага бий.
Тиймээс мод үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих бодлого барина" гэв.