Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт эхэллээ. Нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ.
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалтыг 2021 оны аравдугаар сарын 16-н буюу өнөөдөр явуулахаар болсон.
Нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 73 хэсэг /Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Баянмөнх-1, 2-р баг, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-т болно.
Нэр дэвшигчид
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт:
- Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ,
- Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР,
- Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ,
- Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ,
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ нарыг нэр дэвшүүлж байгаа бол
- Магнайбаярын ЧИНГИСХААН тус тойрогт бие даан нэр дэвшиж байна.
Харин УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт:
- Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР,
- Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ,
- Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА,
- "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА,
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ,
- Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР,
- Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ,
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА нарыг нэр дэвшүүлсэн бол
- Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ бие даан нэр дэвшиж байна.