УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын дараа хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Төсвийн тухай хуулиараа УИХ арваннэгдүгээр сарын 15-аас өмнө 2022 оны төсвийг батлах ёстой. Энэ намрын чуулганы нэг том асуудал нь төсвийн асуудал. Тиймээс өнөөдөр бүлгийн хурлаараа хэлэлцээд тодорхой шийдлүүд гаргаж байгаа. 2022 оны төсөв гурван зүйлд тулгуурлана гэж үзэж байгаа.
- Нэгт, орлогыг шахах. Төлөвлөлт чиглэл рүү Сангийн яам сайн ажилласан байна гэж үзэж байгаа.
- Хоёрдугаарт, зарлагыг бууруулах, хэмнэх, оновчтой болгох чиглэлд анхаарсан байна.
- Гуравдугаарт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх чиглэлд хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлсэн байна гэж үзэж байгаа.
Бүлгээс Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарыг ахлуулж төсөв дээр ажлын хэсэг ажиллуулья гэж тогтсон. Пүрэв гарагт төсвийн асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Түүний дараа ажлын хэсэг ажиллан хугацаанд нь төсвийн асуудлыг баталж шийдвэрлэх хэрэгтэй байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Х.Ганхуяг нарын гишүүд өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсэн. Үүний дараа хууль өргөн барьсан гишүүдээс мэдэгдэл хийгээд нэрээ татсан.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар өргөн барьсан гишүүдийн 50 хувь нь хуулийнхаа төсөлд оролцохгүй гэвэл хууль татагддаг. Тиймээс энэ хууль татагдах болов уу гэж бодож байна.
Бүлгийн хурлаар Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Тиймээс бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй.
Сангийн сайд Б.Жавхлан "Төсөв өргөн барихтай холбогдуулж олон нийтэд болон парламентын сэтгүүлчдэд бид энэ жилийн төсвийг нээлттэй танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэр хэмжээнд бүх мэдээллүүдээ өнөөдөр МАН-ын бүлэг дээр дахин танилцуулсан. Ирэх оны төсвөөс онцлог хэд хэдэн зүйлийг дурдъя. Ямар ч байсан 2022 оны төсөв ковидийн нөхцөл байдал монголд төдийгүй дэлхий дахинд эдийн засагт ямар хэмжээний эрсдэл авчрах вэ гээд олон сорилтуудын дунд хийлээ. Гэхдээ бид аль болох бодит нөөц орлогоо сайн төлөвлөж, энэ хүрээнд төсвийн урсгал болон хөрөнгийн зардлаа тооцоолж байгаа. Эдийн засгийн гол секторуудаа дэмжиж байж хүнд нөхцөлөөс гарна.
Ялангуяа төсвөөр дамжуулж хувийн хэвшил болон эдийн засгийн суурь дэд бүтцийн салбаруудаа түлхүү дэмжих ёстой. Ингэж байж дунд, урт хугацааны дараагийн эдийн засгийн хүндрэлүүдийг давж чадах эрсдэл даах чадвартай эдийн засгийг бүтээнэ.
Тухайлбал энэ жилийн хөрөнгө оруулалтууд хөгжлийн хөрөнгө оруулалт болж байгаа гэж дүгнэмээр байна. Барилга байшин болон дараагийн урсгал зардлуудыг бий болгодог хөрөнгө оруулалтаас илүүтэй эдийн засгийн суурь дэд бүтцүүдийг дэмжих нь чухал юм. Жишээлбэл, замын бүтээн байгуулалтад зориулж энэ жил 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа бол ирэх онд 210 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
Газрын доор, дээр байдаг дэд бүтцийн салбарууд, эрчим хүчний салбарын шинэчлэл болон хөрөнгө оруулалтуудыг өмнөх жилүүдээс 4-5 дахин нэмэгдүүлж байна. Үүний хажуугаар эрүүл мэнд болон боловсролын салбарын хөрөнгө оруулалтууд дээр онцгой анхаарч байгаа.
Хэн нэгэн хүн миний төсөвт өртөг тэд орчим, арматурын үнэ ингэж нэмэгдсэн нэмээд өгөөч гэхэд ханцуй дотроо наймаа хийж байгаа юм шиг хандаж болохгүй. 300 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөг нэмэгдлээ гэсэн хүсэлт албан бичгүүд ирсэн. Энэ дотроос хуулийн дагуу зам хөгжил, барилга хөгжлийн институтаар ороод төсөвт өртөг нь магадлалаар батлагдсан төслүүдийг төсөвт тусгадаг хуультай.
Үзэмжээр шийддэг нэг ч асуудал байж болохгүй. Ингээд санал хүсэлтүүдийн хүрээнд магадлалаар орсон 184.7 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдээд ирэх оны төсөвт суусан. Цаашид бид төсвийн хөрөнгө оруулалтаа маш хатуу сахилга баттай явах ёстой. Ямар нэг бэлтгэл нь хангагдаагүй, зураг төсөл, дэд бүтэц нь тодорхойгүй, газар нь олгогдоогүй зүйлүүдэд төсөв олгосноор хүндрэл үүсдэг. Ийм хөрөнгө оруулалтууд 2022 оны төсөвт үндсэндээ байхгүй" гэлээ.