БОАЖЯ-аас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсанг “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ.
Зохиолч Чинагийн Галсан 2009 онд өөрийн бичсэн номоо зарсан мөнгөөрөө үрээр ургуулсан нэг сая мод худалдан авч хүмүүст хандивлаж, эх орондоо ургуулна гэж хэлснээс хойш даруй 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн олон хүмүүс, байгууллагууд түүнд туслаж дэмжсээр 2021 оны намар нэг сая дахь модоо тарьж дуусгажээ.
Түүний тарьж, ургуулсан мод олон цэцэрлэг, сургууль, эмнэлэг, олон нийтийн газрууд, цэргийн анги, 17 аймгийн олон зуун суманд үндэслэж, ногоон төгөл болон ургаж байгаа ажээ.
Зохилч Ч.Галсан "Нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь над шиг 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина" гэжээ.
Зохиолч Ч.Галсан 10 сарын 9-нд буюу маргааш Баянхошууны Зүүн Салааны эцэст байрлах "Энх Мөнхийн Байгаль" цэцэрлэгт дахин 3000 мод хандивлах юм байна. Тэрээр сүүлийн дөрвөн жил 20 мянга гаруй мод, суулгацыг хандивлажээ.
Мөн 10 сарын 10-нд Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт дахин 2000 мод хандивлах юм байна.
Эх сурвалж: БОАЖЯ