Гаднын улс орнууд руу хүмүүс явахын тулд орчуулгын товчоо болон зуучлагчаар дамжуулан материалаа бүрдүүлэх тохиолдол олон гардаг. Энэ тохиолдолд хүмүүс залилуулах нь нэмэгдсэн. Тэгэхээр орчуулгын болон зуучлалын товчоонд ажиллаж байсан ажилтнаас энэ талаарх мэдээллийг тодруулъя.
Орчуулга, зуучлалын хөлс хэдэн төгрөг байдаг вэ? Тогтсон үнэ ханш байдаг болов уу?
Орчуулгын хөлс бүрдүүлэх материалаасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Багадаа 50-80 мянган төгрөг. Ихдээ 100-200 мянган төгрөг.
Зуучлагчийн үнэ ханш хэдээс хэдэн төгрөгийн хооронд байдаг вэ?
Зуучлагч багадаа 5-10 сая ба түүнээс дээш үнээр ажлаа үнэлдэг.
Виз зуучлагч хүмүүс хэрхэн ашиг олдог вэ?
Визний зуучлагчид маш олон хүний материал бүрдүүлж өгөөд аз болж виз гарсан хүнийх нь мөнгийг аваад виз гараагүй хүний заримынх нь мөнгийг буцааж өгдөг. Буцааж өгөхгүй байх ч тохиолдол бий. Үүнээс луйвар, хэрэг болоод явдаг. Хүмүүсийн ойлгох, сэрэмжлэх ёстой зүйл нь зуучлагч хүн элчин сайдын яам биш шүү дээ. Тэр хүн виз дарахгүй. Хүмүүс үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Найдвартай гаргадаг, танил хүн, ар талтай гэдэгт нь итгэж их мөнгө битгий өгөөрэй л гэж хэлмээр байна”.
Виз зуучлалын залилангийн талаар холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Хил гааль хаалттай гадаад дотоодын олон улсын нислэг үйлдэхгүй байгааг мэдсээр байж иргэд виз гаргуулахаар өөрсдийнхөө мөнгийг өгч залилуулсан хэрэг тодорхой хэмжээнд бүртгэгдсэн. Дүүргүүд орон нутгийн цагдаагийн хэлтсүүдэд бүртгэгдээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хоёр болон түүнээс дээш үйлдлээр давтан үйлдсэн бол ижил төстэй аргаар үйлдсэн гэдгээр нь хүндрүүлэх нөхцөл байдал болгож виз зуучлагчдад 2-8 жилийн хорих ял оноодог. Визийг хувь хүн гаргахгүй. Төрийн байгууллага гаргадаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй” гэж Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням санууллаа.
Солонгос улс руу явах гээд виз зуучлагчид хандаад хохирсон иргэн “Солонгос руу гэрээгээр виз гаргаж өгье дөрвөн сая төгрөг өгчих гээд хашаа байшингаа барьцаанд тавиад дөрвөн сая төгрөгийн зээл авч байсан. Банкнаас ч аваагүй, банк бусаас авч байсан. Тухайн үед би ажилгүй байсан. Солонгос гарахаар ганц нэг хүнтэй холбож өгнө. Ажил зохицуулаад ярьж өгнө гэж байсан болохоос өөр мэдээлэл өгөөгүй. Хэл ам болж цагдаа шүүхэд өгнө гэж байж гурван сая төгрөгөө авсан. Дараа нь сая төгрөгийг маань мөнгөтэй болохоороо өгнө гэж байгаад сүүлдээ бүр миний утсыг блок хийгээд л алга болсон. Одоо гарна чи хүлээж бай гээд л тойруулаад л байдаг юм билээ” гэв.
Иймээс иргэд та бүхэн ямар нэгэн гаднын улс руу явахаар төлөвлөж байгаа бол хувь хүн болон зуучлагчийн виз гаргаж өгнө гэсэн худал мэдээллийн дагуу холбогдож болохгүй. Элчин сайдын яам, төрийн байгууллагад хандаж үнэн зөв мэдээлэл авахыг анхааруулж байна.