Монгол улсын их сургууль тусгаарлах байр гаргаагүйгээс болж оюутнуудын байрлаж буй тавдугаар дотуур байрны дөрвөн давхарт халдвартай оюутнуудыг шилжүүлж урьдчилж мэдэгдэлгүйгээр оюутнуудыг өөр байр руу оруулахаар болсон байна. Ямар нэгэн албан ёсны мэдэгдэлгүйгээр оюутнуудыг хохироосон шийдвэр гаргаж буйд тэд гомдолтой байна гэлээ. Иймээс оюутнууд болон холбогдох мэргэжилтнээс энэ асуудлын талаар тодрууллаа.
Энэ асуудлаар тавдугаар дотуур байранд амьдардаг оюутантай холбогдож дараах мэдээллийг тодрууллаа. МУИС-ийн сэтгэл судлалын ангийн оюутан “Дотуур байранд дөрөв дэх жилдээ амьдарч байна. Тавдугаар дотуур байрны дөрөв дэх давхрыг тусгаарлах байр болгочихсон. Энэ талаар анхнаасаа оюутнуудыг байранд ороход хэлээгүй. Байранд орсны дараа халдвартай хүмүүстэй цуг амьдарч байгаагаа мэдсэн. Бидэнд мэдэгдэхгүйгээр хэд хэдэн удаа халдваргүйжүүлэлт хийж байна гээд өрөөнөөсөө гарч болохгүй, бие засах газар руу орж болохгүй, гаднаас орж болохгүй гээд ийм байдалтай 2-3 цаг байсан. Үүнийгээ урьдчилж бидэнд мэдэгдсэн бол гаднаас ирэх, бие засах өрөө орохоос эхлүүлээд шийдэх зүйлс байсан. Мөн орой 9 цагаас хойш дотуур байранд оруулахгүй, байрнаас гаргахгүй гэсэн. Гэтэл байранд ажил хийдэг маш олон оюутан байдаг. Анх байранд орж гэрээгээ хийхдээ ажил хийж байгаа оюутнууд орой ажил хийж байгаа газрынхаа тодорхойлолтыг харуулаад орж болох уу гэж асуусан. Тэгсэн болохгүй ээ та нар ажил хийж байгаа бол дотуур байранд амьдарч яадаг юм бэ гэсэн утгатай зүйл хэлсэн. Ажил хийдэг оюутнууд оройтсон тохиолдолд дандаа гадуур хонож байгаа. Дотуур байр иймэрхүү нөхцөл байдалтай байна. Энэ жил бид нарыг ямар ч цахилгаан хэрэгсэл гаднаас авч орж болохгүй гэсэн. Ус буцалгагч, будаа агшаагч, угаалгын машин гэх мэт цахилгаан хэрэгсэл огт оруулахгүй гээд доор нийтийн угаалгын машинд хувцсаа угааж байгаа. Өмнө нь өрөө өрөөндөө өөрсдийнхөө угаалгын машинд хувцсаа угаадаг байсан бол одоо нэг угаалгын машинд 300,400 хүүхэд хувцсаа хамт угааж байна. Яагаад цахилгаан хэрэгсэл оруулж болохгүй талаар ямар нэгэн үндэслэл байхгүйгээр гэрээндээ тусгасан. Есдүгээр сарын 11-ээс эхлээд гэрээгээ хийгээд дотуур байрандаа орсон. Гэрээнд тусгагдсан зүйлсийг хүлээн зөвшөөрөхгүй бол дотуур байранд амьдруулахгүй гэдгийг байрны зохицуулагч хэлсэн. Өнөөдөр энэ 5-р байрыг тусгаарлах байр болгож байгаагаа бидэнд мэдэгдэхдээ байрны фэйсбүүк хуудсан дээр пост бичсэн байсан. Ямар нэгэн албан тоот, шийдвэр гаргалгүйгээр зарим оюутныг нүүлгэн шилжүүлээд эхэлчихсэн байгаа юм. Байрны зохицуулагчаас албан бичиг нь хаана байгаа тухай асуухад бидэнд тийм юм ирээгүй. Оюутан төгсөгчийн албанаас асуу гэж хэлсэн” гэж хэлсэн юм.
Энэ талаар оюутан төгсөгчийн хэлтсийн албаны дарга М.Эрдэнэчимэгээс тодруулахад “Оюутны байрны бүртгэл цахимаар хийгдээд 11-ээс оюутнуудаа авч эхэлсэн. Манайх оюутны таван байртай. 1380 гаруй оюутан хүлээн хүлээн авах хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 1100 оюутан орсон байна. Оюутнууд хүлээж авахаас өмнө бид ямар шийдвэр гаргасан бэ гэвэл дээд удирдлага, яамнаас байр болгон тусгаарлах өрөөтэй байх ёстой гэсэн чиглэл ирсэн. Үүний дагуу байр болгонд 1-2 өрөөг тусгаарлалтын өрөө болгож гаргасан. Нэмэгдлээр манай сургууль ямар шийдвэр гаргасан бэ гэхээр байр болгонд өрөө гаргах боломжгүй учраас тавдугаар дотуур байрны дөрөвдүгээр давхрыг тэр чигт тусгаарлалтын бүс болгоё гэж шийдсэн. Ингэхдээ тэр давхраа хасаад СИСИ бүртгэлийн системдээ оруулсан. Энэ бүртгэлийн дагуу хүүхдүүд байраа сонгоод явахад халдвар нэлээд нэмэгдэж халдвар авсан хүмүүс болон түүний хавьтагч нар байранд гаргасан тусгаарлах өрөө, дөрвөн давхарт ч хүрэлцэхгүй болсон. Нэгдүгээр хавьтагчаа хүртэл байрлуулах газаргүй болсон. Ийм учраас манай удирдлагын баг яаралтай хуралдаад энэ тавдугаар байрыг бүхэлд нь улаан бүс болгохоор шийдвэрлэсэн. Оюутнуудаа стандарт хангасан өрөөнд эмнэлгийн ханалт дор эмчлүүлье. Иймд нэн тэргүүнд эрүүл оюутнуудаа шилжүүлье гээд албан бичиг бүрдүүлээд явахад цаг хугацаа алдах байсан учраас ийм шийдвэр гаргасан” гэлээ.
Мөн дотуур байртай холбоотой асуудлаар тавдугаар байранд амьдардаг МУИС-ийн хууль зүйн ангийн оюутан “Хичээл сургууль эхэлж оюутнуудыг сонголт хийхээс өмнө өвчлөл гарна гэдгийг мэдсээр байр тусгаарлах байраа бэлдээгүй байгаа нь бид нарыг эрхийг зөрчиж байна. Дээд давхарт маань баахан өвчтэй хүүхдүүд гаргаад эхэлсэн. Бид энэ тавдугаар байрыг тусгаарлах байр болсныг мэдсэн бол энэ сонголтыг хийж өөрсдөдөө асуудал үүсгэж эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байх байсан. Тэгэхээр ямар нэгэн захиргааны байгууллага коронавирустэй холбоотой шийдвэр гаргалаа гэж бодоход энэ шийдвэр нь бидний эрхийг зөрчихгүй байх хэрэгтэй. Яагаад гэдгээ огт тайлбарлахгүй, урьдчилан мэдэгдэхгүйгээр байрны групп дээр пост бичсэн. Ямар шийдвэр дээр үндэслэж хэзээ гарсан шийдвэр гэдэг нь мэдэгдэхгүй гарын үсэгтэй ганц ширхэн цаас үзүүлээгүй байж бидэнд чирэгдэл асуудал үүсгэж байна. Бид дахиад дөрвөн хүүхэдтэй өрөөнд амьдардаг. Одоо дахиад хаана ямар өрөөнд очих нь мэдэгдэхгүй. Бидний эрхийг зөрчихгүйгээр шийдвэрлэх арга зам хайгаагүй гэж харж байна. Коронавирустэй холбоотой гарч байгаа шийдвэрүүдийг харахаар жишээ нь орой 9 цагаас хойш гарч болохгүй гэж байгаа юм. Хүн л юм чинь ямар нэгэн ажил, орж гарах хэрэгцээ гарна. Өмнө нь орой 23 цагаас хаадаг. 23 цагаас хойш ажил нь тардаг, эсвэл ээлжийн ажил хийдэг оюутан байх юм бол ажлын газрын тодорхойлолтоо үзүүлээд орох боломжтой байдаг байсан. Асуухаар ажил хийдэг бол байранд амьдарч яадаг юм, байранд амьдарч байгаа бол ажил хийж яадаг юм гэсэн иймэрхүү янзаар бидэнд хариулт хэлж байгаа. Бидэнд үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх бий. Байрнаас хоол өгөхгүй л бол бид нар ажил хийж амьдралаа авч явахаас өөр сонголтгүй. Энэ нь хүний өмчлөх, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Цахилгаан хэрэгсэл оруулж болохгүй. Яагаад гэдэг үндэслэл, тайлбар хийхгүйгээр амьдрах наад захын цахилгаан хэрэгслийг оруулахыг хязгаарлачхаж байгаа юм. Ус буцалгагч ч оруулж болохгүй гэхээр юу гэсэн үг юм бэ? Угаалгын машин нэг давхарт байдаг. Тэр байрны угаалгын машинд 2000 төгрөг төлж байж хувцсаа угаадаг. Би бол өөр бусад хүмүүсийн хувцсаа угаасан угаалгын машинд өөрийнхөө хувцсыг угаах сонирхолгүй байж болно. Наад захын эрхийг хязгаарласан ийм хязгаарлалтууд хийгээд байгаа. Бид бусад угаалгын машин оруулахгүй гэж байгааг бол МУИС-ийн нэг бизнес хийх арга нь л байна гэж хараад байна” гэсэн юм.
Энэ асуудлаар холбогдох мэргэжилтнээс тодруулахад тэрбээр “Өмнө нь ийм ковидийн нөхцөл байдалд орж байгаагүй шүү дээ. Тиймээс оюутны дотуур байрны дүрэм журамдаа өөрчлөлт оруулж ийм шийдвэр гаргасан. Хүн цугларсан газраар явахгүй л юм бол орой үдшийн цагаар явах шаардлага байхгүй гэж үзсэн. Манай дотоод дүрэм журамд оюутан өдөрт хоёр цагаас хэт ажиллахгүй гэсэн гэрээ бий. Оюутан орой үдшийн цагаар яваад халдвар авлаа гэхэд өрөөнийхөө хүүхдүүдэд тараах зэрэг олон эрсдэл бий. Шинэчилсэн дотуур байрны журамд оюутны дотуур байр бүрээс санал асуулга аваад цахилгаан хэрэгсэл гаднаас оруулахгүй байхаар шийдсэн. Манайх жил болгон оюутны байрныхаа засварыг төсөвтөө суулгаад байруудаа засаад явдаг. Маш их хэмжээний зардал гардаг. Энэ зардал оюутны төлбөрөөс хэзээ ч нөхөгддөггүй. Оюутны дотуур байрууд дандаа алдагдалтай ажилладаг. Тэр их олон ажилтны нийгмийн даатгалын шимтгэл, уур, ус, тог, халаалт маш өндөр гардаг. Бид давхар бүрд хоол хийх зориулалттай гал тогоо гаргаж өгсөн. Угаалгын машин хүрэлцээгүй зарим нэг байранд ганц, хоёр байгаа байх. Уг нь давхар болгонд нэг угаалгын машин гаргана гээд л хангалтаа хийгээд явж байна. Оюутны дотуур байрны стандартыг бид хангаад явж байгаа. Оюутнуудын өрөө хоол хийх зориулалттай биш юм. Өрөөндөө хоол унд хийснээс зардал чирэгдэл асар өндөр гардаг. Байр засаад л оруулдаг. Өвөл 12,1-дүгээр сар болоход л хоол, буцалсан ус, хувцас угаасан уур нь хананы будаг зэргийг хуулчихдаг. Ирэх жил нь өөр оюутан орохын аргагүй болгочхоод байгаа юм. Нэгдсэн байр гэдэг нь өөрөө тусгай гал тогоо, ариун цэврийн өрөөтэй байхыг хэлж байгаа юм. Коронавирус, өвлийн нөхцөл байдлаас шалтгаалан ус буцалгагчаа оруулаад нийтийн хоолны зааланд усаа буцалгаж болно гэсэн ч зарим байрны зохицуулагч нар хүргэж мэдээллээгүй байгаа бололтой” гэсэн хариу хэллээ.
Иймээс тавдугаар дотуур байрны дөрвөн давхарт тусгаарлалтад эмчлүүлж буй МУИС-ийн нийгмийн ажилтны ангийн оюутантай холбогдоход “ Миний хувьд 19-ны өдөр шинжилгээний хариу маань эерэг гараад тавдугаар байрны дөрөвдүгээр давхарт 10 хоногийн турш тусгаарлагдах болсон. Бид нарыг анх орж ирэхэд нэгээс гурван давхарт эрүүл хүүхдүүд, дөрвөн давхарт ковидийн халдвартай болон хавьтал болсон хүмүүс нь цуг байсан. Бид доод давхрууд руу бууж болохгүй. Дундын бүс гээд ширээн дээр хэрэгтэй юмнуудыг авчирч өгдөг байсан. Тэгээд өнөөдөр хүүхдүүдээс асуусан чинь тавдугаар байрыг тэр чигт нь улаан бүс болгож бусад хүүхдүүдийг өөр байрны хоосон байгаа өрөөнүүд рүү явахыг санал болгосон юм билээ. Хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэлт хийж байх шиг байсан. Улаан бүсэд байгаа бидэнд ямар нэгэн юм мэдэгдээгүй. Орой хүүхдүүд чемоданаа чирээд нэг юм уу хоёрдугаар байр руу явж байх шиг байсан. Өдөр ирэх тусам дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн дунд коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа. Тиймээс миний хувьд энэ шийдвэрийг зөв гэж бодож байна. Бараг өдөр бүр 2-3 хүүхэд эерэг гарч байна. Түүнийг дагаад ойрын хавьтал гээд 8-10 хүүхэд дагаад ирдэг. Тавдугаар байрны өрөөний хүрэлцээ яах аргагүй хүрэхгүй байгаа. Тиймээс тавдугаар байраа тэр чигт нь улаан бүс болгоод бусад байр руугаа шахахаар нөхцөл байдалдаа тулгуурлаж энэ шийдвэрийг гаргасан байх гэж бодож байна. Анхнаасаа тавдугаар байранд байсан бусад оюутнуудын хувьд ямартай ч хохиролтой байгаа байх. Зарим нь засвартай өрөөний мөнгийг төлчхөөд засваргүй өрөө рүү явах гэх мэт асуудлууд үүсэж байгаа байх. Өөр асуудал бид нарт бол үүсээгүй байна” гэж ярилаа.
Мэргэжилтнээс оюутны байрны төлбөрийн талаар лавлахад “Өрөөнүүдийн хувьд засвараасаа шалтгаалаад бүтэн жилийн төлбөр нь хамгийн багадаа 600 мянга дээд тал 1 сая 500 мянган төгрөгийн төлбөртэй байдаг. Өөр байрны өрөө рүү шилжүүлэхэд өмнө нь амьдарч байсан бүтцийг өөрчлөхгүйгээр дөрвөн оюутан амьдарч байсан бол хамтад нь шилжүүлье. Хоёр оюутан баталгаажуулалт хийгдээгүй бол өөр баталгаажуулалт хийгдээгүй хоёр оюутанг нийлүүлээд хамтад нь нэг өрөөнд оруулах зэргээр зохицуулалт хийнэ. Манай сургуульд дөрвөөс илүү хүн байх стандарт гэж байхгүй. Байрны төлбөрийн хувьд орж буй өрөөс нь шалтгаалаад зөрүү мөнгийг нь өгнө” гэж мэдэгдлээ.