АНУ арваннэгдүгээр сараас эхлэн вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын аялагчдыг хүлээж авна гэдгээ мэдэгдлээ. Энэ тухай цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ. Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ шаардах юм. Аяллын эрх нээгдэх сар гаруйн хугацаанд нислэгийн компани болон иргэний нисэхийн агентлагуудыг жуулчдаа хүлээж авахад бэлтгэх зөвлөмжийг мөн өгчээ.
Үүнээс гадна гадаадын жуулчид болон эх орондоо эргэн ирж байгаа иргэд вакциндаа хамрагдсан ч 72 цагийн дотор COVID-19-ийн шинжилгээ өгч, сөрөг хариугаа үзүүлэх ёстой юм. Хэрвээ бүх зүйл хэвийн байвал АНУ–д тусгаарлагдахгүйгээр шууд зорчих боломжтой.
Нислэгийн компаниуд зорчигчийн утасны дугаар, имэйл хаяг болон бусад хэрэгцээт мэдээллийг цуглуулж Америкийн халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв хяналт хийх юм.
2020 оноос хойш гадны жуулчдыг нэвтрүүлэхгүй байсан тус улсын хувьд ковидын идэвхитэй бүс нутгуудын тоонд хэвээр байсаар байгаа юм. Гэсэн хэдий ч ажлын байр болон эдийн засгийн бусад эрсдлээс сэргийлэн ийнхүү хилээ нээхээр болсон байна.