Ковид дууссаны дараа иргэд буцаад хэвийн амьдралдаа орж, уналттай байгаа салбарууд эргэн сэргэж, хүн ардын амьдрал сайжирна гэж ярих үе ард хоцорч, ковид энэ чигээрээ үргэлжилж бид ковидтой дасан зохицож амьдрах шаардлага тулгараад байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Магадгүй нийтлэлийн маань гарчиг Ковидын дараах биш Ковидтой зохицон орших Монголын аялал жуулчлалын салбарын төлөв байж ч болох юм. Байгаль эх бидэнд “Хүн төрөлхтөн байгалийн нэг хэсэг бөгөөд түүнээс хараат бус байдлаар удаан амьдрах ямар ч боломжгүй” гэдгийг сануулах шиг хааяа нэг сайн ташуурдаад авах юм. Хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш, хэн нэгэн таван салаа боов өгөхгүй л бол хүн гэдэг амьтан хувиа хичээх үзлээр өөрийн ашиг сонирхлын төлөө зүтгэсээр л…
Одоогийн Ковидын нөхцөл байдлыг бурхан ч бай, буг ч бай өөрчилж чадахгүй болсон тул салбарууд дор бүрнээ хичээж, ирээдүйн зөв чиг баримжааг төлөвлөн амьдрах шаардлага хаяанд иржээ. Ковид бидэнтэй мөр зэрэгцэн оршин тогтнох нь маргашгүй үнэн тул Ковидтой аялал жуулчлалын салбарын ирээдүйн төлөвийн талаар өөрийн өчүүхэн тархийг ажиллуулан дараах бодролыг өгүүлье. “Аялал жуулчлал бол Монгол улсын тэргүүлэх салбаруудын нэг юм. Бид энэ салбарыг хөгжүүлнэ, сэргээнэ, мандуулна” хэмээн амтай болгон дураараа ярьдаг байсан үе саяхан. Харин хоёр жилийн өмнөөс Аялал жуулчлал гэж зоригтой ам нээх хүнгүй болж, цуутай хүүхэн хуримгүй гэгчээр өнөөх тэргүүлэх салбар маань түмний нүдэн дээр хаягдсан. Цар тахлын үед хамгийн их хохирол амсаж, элгээрээ мөлхсөн салбар бол Аялал жуулчлал.
Харин төр барьж буй эрх мэдэлтнүүд харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрсөн. Энэ үед хавханд орсон хулгана шиг амь тэмцэн орилж байсан нь тур оператор компани, зочид буудал, жуулчны бааз, ресторан, зоогийн газар, хөтөч, орчуулагч, хүний нөөц байсан юм. Бидний сонгосон төр ажлаа ямархуу гүйцэтгэлтэй хийдэг нь эндээс тодхон харагдана. Эцэг эхийгээ хоол олж ирэхийг хүлээсээр өлсөж эцэхийн даваан дээр өөрсдөө гарч юу ч хамаагүй ходоодруугаа шидэхийн тулд бусад салбар руу орж үзсэн хүмүүс ч бий. Харамсалтай нь амжилттай үргэлжлүүлсэн нь ховор. Аялал жуулчлалын салбар гадаад ба дотоод гэсэн үндсэн хоёр төрөлд хуваагддаг бөгөөд дотоод аялал гэдэг нь гадаад жуулчдыг Монголын сайхан орноор аялуулах, гадаад аялал гэдэг нь Монгол жуулчдыг гадны хөгжилтэй орнуудаар аялуулахыг хэлэх аж.
Сүүлийн үеийн нөхцөл байдлыг харахад Монголд ирэх жуулчдын талаар ярихаасаа урьтаад Монголоос гарах жуулчны урсгал түрүүлж сэхээнээс гарах талаар ярьж эхлэх нь зүйтэй юм шиг. Гадаадын хөгжилтэй улс орнуудын Ковидын эсрэг авч байгаа арга хэмжээ илүү хурдтай, чанартай, итгэл төрүүлэхээр байгаа нь Монгол жуулчин гадаадад аялах хүслийг сэдээж байгаа ба үүнийгээ дагаад хөгжилтэй улс орнууд өөрсдийн аялал жуулчлалын салбар дээр олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, жуулчны аюулгүй байдал дээр анхаарч ажиллаж байгаа нь Монгол жуулчдыг татах үндэс болоод байгаа юм. 2020 оны 2 сараас хойш гадаад улс руу хөл тавиагүй Монгол аялагчид иймэрхүү таатай нөхцөл дор аялаад ирэхийг хүсэх нь дамжиггүй. Саяхан зохион байгуулагдсан Турк улсын Анталья хотын шууд нислэгтэй аялалд хамрагдах Монгол аялагчдын хандлага нэлээд нааштай байсан нь хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгааг илтгэж байна. Энэ мэт бусад улс орон Монголчуудад хилээ нээн, аялагчдыг чөлөөтэй нэвтрүүлж эхэлбэл эхний ээлжид аяллын тур компаниуд сэхээний тасгаас гарах боломжтой. Дотоод аяллын хувьд гадаад аялагчид хүлээн авч орлогынхоо ихэнх хувийг бүрдүүлдэг байсан тур оператор, жуулчны бааз, ресторан, зоогийн газрууд сүүлийн хоёр жил Монгол жуулчдад түлхүү үйлчилж, тэдэнд тохирсон аяллын багц гарган, үнийн уян хатан бодлогыг баримталсан.
Гэхдээ мэдээж өмнөх шигээ борлуулалт, ашиг орлого олж чадаагүй. Ингээд өөрсдийн хүчээр амиа арайхын зогоож байсан салбар хоёр зуны дараа гэхэд өндийх ч тэнхэлгүй болж өрөнд баригдаж, өтөнд идэгдэн, олон чадварлаг хүний нөөцөө бусад салбарт алдаж, ноорхой дээлтэй, ноомой нохойтой Цэмпил авгай шиг гэрийн бууриа сахиад сууж байна. Дэгстүүлж байна гэж бодож байгаа бол та яг одоо гараад Цэмпил гуайнхаар ороод гар. Оочих цай ч үгүй, дайлах идээ ч үгүй сууж байхвий. Цэмпил гуай хэзээ амь тавихыг хэлж хэн ч мэдэхгүй. Төрөөс яс горьдсон нохой шиг тэвчээртэй хүлээж, удаан суулаа. Одоо амь амиа бодоорой гэж байгаа аятай болсон болоогүй зүйл ярьж, бичиж байгаа түшээдийг хараад суух цаг салбарынханд байхгүй. Тиймээс өөрсдийн хүчээр аялал жуулчлалын салбарыг бүр мөсөн нурахаас нь өмнө хэрхэн аврах вэ? Дийлэнх орлого нь гадаад жуулчнаас орж ирдэг байсан зочид буудлуудын хувьд сүүлийн хоёр жил нэг ч жуулчин байрлуулаагүй гэхэд хол зөрөхгүй байх. Хурим найрын үеэр багахан хэдэн орлого олдог нь ч байхгүй болж ашиглагдахгүй байгаа цайз, хэрэм мэт болоод байгаа нь үнэн. Тэдний хувьд ойрын ирээдүй гэж ярихаас ч айж байна. Монголын зочид буудлын холбоо бүх зочид буудлуудыг нэгтгэн, хэлэлцүүлэг зохион байгуулж ковидтой дасан зохицсон гадаад болон дотоод жуулчин хүлээн авах нийтээр мөрдөх шинэ стандарт, дүрэм, журмыг тогтоож, цаашлаад ирээдүйн 5, 10, 15 жилийн төлөвлөгөөн дээрээ ажиллах нь зүйтэй байх. Жуулчны баазуудын хувьд хоёр зуны турш Монгол аялагч нараар талхиулсан гэр, байшингуудаа шинэчлэн засаж, одоо явуулж байгаа ковидтой үеийн зочин хүлээн авах стандартаа сайжруулж, ирээдүйд ирэх гадаад жуулчин болон соёлтой Монгол амрагч нарыг хүлээн авахдаа ханцуй шамлан орох болов уу. Музей, үзвэрийн газрууд ч мөн адил гадаад жуулчин л ирвэл сэргэх гээд байна гэдэг бодлоо авч хаяад дотоодын бүх насны аялагч нарт мэдлэг мэдээлэл олгосон сонирхолтой шинэ төслийг төрөл бүрээр нь боловсруулан, дотооддоо орлого олох нүх гарцыг эрэлхийлэн, маркетингийн цогц бодлого, төлөвлөгөөтэй ажлаа явуулах нь оновчтой юм. Хөтөч, орчуулагчийн хувьд тэднийг ажилд авах аяллын компани байх аваас тэр даруй л дуртай салбартаа буцаад ирэхэд бэлэн байгаа гэж бодож байна. Харин аяллын компаниудын хувьд дээрх аяллын үйлчилгээ үзүүлдэг газруудыг гадаадын компаниудад таниулан сурталчилж, нэгтгэн баздаг цогц үйл ажиллагаа явуулгын хувьд бүх чиглэлд нь хамтран ажиллаж, илүү чанартай, илүү аюулгүй, илүү эрүүл, баталгаатай аяллын бүтээгдэхүүн гаргахын төлөө ажиллах нь зохистой. Авиа компаниудын хувьд цаашид нислэгийн чиглэл, хорио цээрийн дүрэм журмыг аль болох уян хатан байлгах тал дээр бусад орнуудтай нягт харилцан хамтран ажиллаж, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх ажлыг өөрсдийн хөл хүрэх газар хүртлээ хөөцөлдөж, чармайн ажиллах болов уу.
Мөн түүнчлэн салбарын ажиллах хүч, хүний нөөцийг дурдахгүй байхын аргагүй юм. Аялал жуулчлалын салбарт ажилладаг дарга ч бай цэрэг ч бай бүгд энэ салбартаа чин сэтгэлээсээ хайртай, дурлаж хийдэг хүмүүс байдаг. Зарим хүмүүс тэднийг жаргасан нөхдүүд, зугаа цэнгэл хөөсөн, амар хялбар ажил хийдэг мэтээр ярьдаг. Аливаа ажлыг хийж үзсэн хүн л жинхэнэ мөн чанарыг нь ойлгодог. Аялал жуулчлал бол хүмүүсийн аз жаргалыг хуваалцдаг, амьдралд нь нандин дурсамж бүтээдэг гайхалтай салбар, сэтгэлтэй ажилтнуудаас бүрддэг юм. Тэдэнд бусдын л адил хүнд хэцүү, бэрхшээлтэй асуудлууд тулгардаг ба ачаалал ихтэй, цаг наргүй, асар их стрессэд оруулдаг ажил гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Хүний нөөцийн тогтвортой бодлого салбарын хувьд бараг хэрэгжихгүй байгаа гэдэгтээ санал нийлэх хүн их бий. Хүн л юм хойно ар гэр, аж амьдралаа бодох нь ойлгомжтой. Тиймээс салбар аль болох хурдан хөл дээрээ босох нь хүний нөөцийг бүрмөсөн тарж бутрахаас аврах ажээ. Түүнчлэн цахим буюу виртуал аяллын шинэ чиглэл нэмэгдэж байгааг дурдах нь зүйн хэрэг юм. Ковид ахын зан ааш цаашид ямархуу байхыг бид үл таах тул Монголын газар нутаг дээр гаднын жуулчид дахин хөл тавих хүртэл цахим аяллын төрлийг идэвхжүүлж, чанаржуулан, олон орны хүмүүст хүргэх нь Аялал жуулчлалын холбоо, төрийн бус байгууллагуудын түүчээлэн хийх ажлуудын нэг мөн гэж үзэж байна. Үүнд бусад нь ч гэсэн хамтран, туслалцаж Монгол орны тэргүүлэх салбарыг хамтдаа чирэлцэх биз ээ. Монголын аялал жуулчлалын салбарын хэтийн төлөв нь гадаад болон дотоод хоёр чиглэлд төвлөрөх бөгөөд гадаад аяллын бодлого бусад улс орноос хамаарч байгаа бол дотоод аяллын чиглэл биднээс хамаарч байгаа бөлгөө. Ирээдүйн аялал жуулчлалын салбарт өмнө хийгддэг байсан ажлын технологи дээр нэмээд ариутгал, халдваргүйжүүлэлт, дархлаажуулалт гэсэн шинэ категори нэмэгдэж байгааг бүгд ойлгосон байх. Монголд ковидын тархалт хэдийчинээ бага байна улаан, шар бүсээсээ төдий хэрээр хурдан гарч гадаадын улс орнууд биднийг эрсдэл багатай, аюулгүй аялах бүс нутгаар тодорхойлчихвол жуулчны урсгал тэр даруй сэргэх юм. Энэ болтол салбарыг бүрдүүлдэг аж ахуй нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаагаа ковидтой дасан зохицсон хэлбэрт шилжүүлж, аюулгүй аяллын төслийг боловсруулан, сайжруулж, ур ухаанаа уралдуулан салбарынхаа төлөө тэмцэх л үлдэж байна. Харин төр засгийн хувьд өнөөх л ярьдаг дэд бүтэц, дэд бүтэц бас дахин дэд бүтэц хөгжүүлэх тал дээр бага ч гэсэн дорвитой арга хэмжээ аваасай гэж залбирах үлдлээ. Төдийгөөс өдий хүртэл аялал жуулчлалын салбарыг төртэй төргүй аяллын салбарынхан бор зүрхээрээ зүтгээд өдий хүргэсэн юм. Цаашид ч хөгжүүлэн, дэлгэрүүлэхэд чадахгүй, мэдэхгүйн зовлон байхгүй бөгөөд нэмэр болдоггүй юмаа гэхэд нэрмээс бололгүй байгаасай гэж эрхэм түшээдээс чин сэтгэлээсээ хүсэх байна. Мөхөс миний бие дээрх нийтлэлийг бичихдээ андуурч бодож, ташаа ойлгосон зүйл байх аваас аялал жуулчлалын салбарынхан минь уучилж өршөөнө биз ээ.
Сэтгүүлч Б.Оюунсайхан