УИХ-ын 18, 28 дугаар тойргуудад аравдугаар сард нөхөн сонгууль явуулна. Сонгогчдийн боловсролд зориулж нэр дэвшигчдийн намтар болон нэр холбогдож байсан дуулиануудыг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн сонгуульд СХД-ийн 28 дугаар тойрогт МАН-аас Э.Батшугар нэр дэвшиж буй юм.
СХД-ийн 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Э.Батшугар гэж хэн бэ?
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар өнгөрсөн удаа Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд МАХН-аас нэр дэвшиж, есөн мянга 36 хүний саналаар өвдөг шороодож байв. Энэ нь УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт Та бидний эвсэлээс нэр дэвшиж ялагдал хүлээгээд байсан түүний хувьд ийнхүү хоёрдахь удаагаа сонгогдож чадаагүй тохиолдол байсан юм. Өөрөөр хэлбэл тэрбээр гурав дахь удаагаа нэр дэвшиж байна.
Гэсэн ч “гандан буурахгүй” тэмцэж буй түүнийг дахин өрсөлдөхөөр зэхэж буйд иргэд тааламжгүй хандаж байгааг цахим орчин дахь хүмүүсийн хандлагаас харж болно. Учир нь түүний төрийн дууллаа сонсоод өмөлзөхөөс эхэлсэн хэд хэдэн бичлэгүүд олны анхааралд ороод буй юм. Э.Батшугар нь өрөвч, гэнэн гэх үү, ЖҮЖИГЧИН байдлаасаа болж олны доог, нөгөө талаараа хүндэтгэлийг хүлээгээд буй нэр дэвшигч билээ.
Тэрбээр 1987 оны тавдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд /орос/ 14-р сургуульд элсэн орж, улмаар 2000 онд АНУ-ын Калифорниа мужийн ахлах сургуульд шилжин суралцсан. Ахлах сургуулиа амжилттай дүүргэсний дараа 2004 онд АНУ-ын Бэнтлигийн их сургуульд элсэн орсон нь түүний амьдралыг эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн ертөнцтэй холбож өгчээ.
Мөн регби спортоор хичээллэдэг бөгөөд 2005-2008 онд сургуулийнхаа регби спортын шигшээ багт тоглодог байжээ. 2006-2008 онуудад дараалан Америкийн Их Дээд сургуулиудын аваргаар шалгарчээ.
2012-2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаанд ажилласан. Түүний хийсэн ажлуудаас дурдвал төлбөр тооцооны болон картны нэгдсэн сүлжээг бий болгосон явдал юм. Ингэснээр аль ч банкны ПОС машин болон АТМ -уудыг ашиглан картын гүйлгээ хийгддэг, мөн бидний нэрлэж заншснаар мобайл банк буюу гар утсаараа дамжуулан банк доторхи болон банк хоорондын шилжүүлэг хийх боломжтой болсон.
Улмаар картаа ашиглан онлайн худалдаа хийдэг дэлхийн стандартыг нэвтрүүлснээр иргэд зөвхөн Монгол биш дэлхийн зах зээлээс худалдан авалт хийх боломжтой болсон талаар МАН-ын танилцуулга дээр дурджээ.
Саяхан МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Батшугар Ерөнхийлөгчийн зөвлөх болсон гэсэн мэдээлэл гараад байсан нь худал болохыг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн.
Тэрбээр, “Цахим орчин болон хэвлэл мэдээллийн вэб сайтуудаар Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд олон намын төлөөллүүдээс зөвлөхүүдээ бүрдүүлж байна. Харин МАХН-аас Энхбаярын Батшугарыг зөвлөхөөр томилогдлоо гэсэн мэдээлэл цацагдсан байна. Энэхүү мэдээллийн талаар албан ёсоор надад мэдэгдсэн зүйл байхгүй байна” гэв.
Харин СХД-ийн 28 дугаар хороонд нэр дэвшигч Э.Батшугарын Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухайд, 93 сая төгрөгийн орлогтой. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 611 сая байна. 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, 324 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл буюу мотоцикль, туулах чадвар өндөр нэг жийп машин, ланд 200, 87 сая төгрөгийн хадгаламжтай.
Мөн хоёр тэрбум төгрөгийн зээлтэй. Малгүй, газаргүй, үнэт эдлэлгүй гэж мэдүүлжээ. Тэрбээр 15 компанид хувьцаа эзэмшдэг.