Замын-Үүд дэх авто тээврийн зохицуулалтын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээлэл хийлээ.
ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Хятадын талд нөхцөл байдлыг тайлбарлах, тээвэр зохион байгуулахад олон арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хүндрэлтэй асуудал нь дотоодод халдвар нэмэгдэж байгаа тул хятадын талд орох вий хэмээгээд хязгаарлалтуудыг авсан явдал.
Үүнтэй холбогдуулаад тээврийг нэмэгдүүлэх тал дээр ажил зохион байгуулж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил, том бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дөрвөн чиглэлийн ачаа бараанд онцгой анхаарах шаардлагатай гэж үзэн УОК-оос шийдвэр гаргасан.
Тодруулбал, боомтод бөөгнөрсөн ачааны хажуугаар бүтээн байгуулалтын бараа бүтээгдэхүүнийг татаж авах шаардлага гарсан. Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд зориулагдсан 100 гаруй машин тоног төхөөрөмжийг татаж авах шаардлага гарсан тул тусгайлсан арга хэмжээ авч дөрвөн өдөрт багтаан татан авах шийдвэр гарсан. Өдөрт бараа ачихаар хил нэвтэрч буй 100-120 орчим автомашины 45 нь Эрдэнэт үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг татна гэсэн үг.
Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой татан авалт хийх зорилгоор тээвэр зохион байгуулалтын арга хэмжээ авч буй та бүхэн зөвөөр ойлгохыг хүсье.
Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтаас гадна авто зам, газрын тосны үйлдвэр, ДЦС нь өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тоног төхөөрөмжөө татан зайлшгүй ажил явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор тухай бүрд нь зохицуулалт хийн татан авна” гэв.
Өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалттай холбоотойгоор дөрвөн чиглэлийн ачаа барааг яаралтай татан авахад анхаарах шаардлагатайг УОК-оос мэдээллээ. Үүнд:
"Эрдэнэ" үйлдвэр ТӨҮГ-ын бүтээн байгуулалтад шаардлагатай, 176 автомашин импортын бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг татан авна. Эдгээр барааг яаралтай татан авахын тулд тусгайлсан арга хэмжээ авах боллоо. Тодруулбал Замын-Үүд суманд үүссэн урт цувааны дундуур, "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын бүтээн байгуулалтын ачааг дөрвөн өдөрт багтаан татан авах зайлшгүй шаардлага гарлаа.
Өөрөөр хэлбэл өдөрт гарч байгаа 100-120 тээврийн хэрэгслийн 45-50 автомашинаар бүтээн байгуулалтын ачаа барааг татан авна. Тэгэхээр бүх боломжийг хязгаарлаагүй учраас иргэд, олон нийт зөвөөр ойлгоно гэж найдаж байна.