Манай эрдэмтэд вакцины үр нөлөөг мөн судалжээ. Судалгааны үр дүнг ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Бумдэлгэр танилцууллаа. Тэрээр "Манай улс 2020 оноос эрдэм шинжилгээний судалгааны ажлаа эхлүүлж, одоо үр дүн нь гарч байна. Эрдэм шинжилгээний ажил судлаачдын зохиогчийн эрхтэй холбоотой тул бүхэлд нь танилцуулах боломжгүй байна. Вакцинжуулалтын дараах дархлаа тогтоц, тархвар зүйн судалгаа, эсрэг биеийн титрийн судалгааг танилцуулья.
ХӨСҮТ-д хийсэн КОВИД-19 вакцины хоёр тунгийн дараах дархлаа тогтоц эсрэг биеийн титрийг тодорхойлсон судалгаанаас харвал, хоёрдугаар тунгаас хойш 14-35 хоног дахь дархлаа S-RBD IgG нийт хүн амын дунд 91.78 хувьд нь эсрэг бие үүссэн байна гэх дүн гарсан.
Тодруулбал, 20-59 насныханд 90 орчим хувь, 60-аас дээш насныханд 86.5 хувийн эсрэг бие үүссэн гэдэг дүн гарсан. Энэ нь олон улсын судалгаатай мөн таарч байгаа.
Судалгааны үр дүнгээс харвал Монгол Улсад хийгдсэн вакцинууд эсрэг биеийн титрийг үүсгэж байна.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн н.Билэгсайхан докторын хийсэн судлагаанаас харвал эсрэг биеийн титрийг гурван үзүүлэлтээр үзсэн байна.
- Саармагжуулдаг эсрэг бие
- S-RBD IgG
- Нийт эсрэг биеийн түвшингээр нь үзсэн байсан
Нус гоожсон, халуурсан, суулгасан, хоолой нь өвдсөн бол та хүүхдээ сургуульд нь битгий явуулаарай. Учир нь дельта хувилбарын халдвар авсан бол ийм шинж тэмдгүүд илэрч байна. Өвчтөнүүдэд хийх эмчилгээ өөрчлөгдөөгүй, өмнөх эмчилгээг өвчтөнүүдэд үргэлжлүүлэн хийнэ" гэдэг мэдээллийг өглөө.