Дотоодын савангийн хэрэгцээий 50 хувийг хангаж, 1000 эмэгтэйг ажлын байртай болгох зорилготой Mongol made нэгдэл ирэх есдүгээр сард гэр ахуй, арьс арчилгаа, ариутгалын 21 төрлийн органик бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахад бэлэн болжээ. Ингэхдээ ХААИС-тай хамтран үйлдвэрлэлээ хөгжүүлж буй юм.
Энэ талаар Мongol made нэгдлийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Солонго,
“ХААИС-тай Mongol made нэгдэл хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ санамж бичиг нь нэгдүгээрт Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөгжүүлж судалгаан дээр хамтарч ажиллах. Хоёрдугаарт яг энэ мэргэжлээр төгсөж байгаа залуусыг ажлын байраар тогтвортой хангах зорилго руу чиглэж байгаа. Органик гэдэг нь дэлхийн тансаг зэрэглэлд орохуйц орц найрлагатай бүтээгдэхүүн байдаг. Энэ утгаараа монголчууд бидэнд энэ сайхан тал нутаг, таван хошуу мал, эрс тэс уур амьсгалд боловсорсон үр жимс өвс ногоо байна шүү дээ. Энэ давуу талаа ашиглаад алсдаа бид бүтээгдэхүүнээ экспортод гаргах ёстой.
Гэхдээ экспортод гарахыг төдийлөн яаравчлахгүй. Эхлээд Монголынхоо 3 сая хүн амыг эрүүл цэвэр органик боломжийн хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах нь бидний зорилго. Монгол бүтээгдэхүүн гэхээр орц найрлага, баглаа боодол нь болж өгдөггүй. Эсвэл цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа учраас үнэтэй болоод явчихдаг. Бидний хувьд массын үйлдвэрлэл эрхэлье. Мянган эмэгтэйг ажлын байраар хангая. Мөн Монгол хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг малын өөх тосоо цэвэршүүлээд хатуу саван хийе. Монголд ургаж байгаа өвс ургамлаа түүж бүтээгдэхүүнүүддээ шингээе гээд өнгөрсөн гуравдугаар сард гараанаас гарсан. Энэ оны 9 дүгээр сарын 22-нд бүтээгдэхүүнүүд худалдаанд гарахад бэлэн болсон байгаа.
Одоогоор бид 100 гаруй эмэгтэйг ажлын байраар хангачихсан байна. Монголын савангийн хэрэгцээний 95 хувь импортоос хамааралтай. Тэр дундаа Индонез. Индонез хүнд өгч байгаа 1000 төгрөгөө Монгол нэг эмэгтэйд ч гэсэн орлого болгоё гэдэг санал санаачилгатай ажиллаж байна” гэсэн юм.
Харин энэ үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, “Энэ төслийн хамгийн чухал зүйл нь манай ХААИС-ийн төгсөгчид ажиллаж байгаа юм. Өнөөдөр 6 төгсөгч маань шинэ ажлын байртай болоод энэ чиглэлээр сурч мэдсэн зүйлийг үйлдвэрлэл болгож байна. Цаашлаад Монголын Хөдөө Аж Ахуйн салбар, хөгжилд хувь нэмрээ оруулаад ажиллана.
Бид 21 инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна шүү дээ. Тэгэхээр 21 гарааны компани бэлэн болно гэсэн үг. Энэ нь цааш өргөжөөд 21 бизнесийн компани болж, тэр хэмжээгээрээ ажлын байр үйлдвэрлэл нэмэгдэнэ” гэв.
Мөн ХААИС-ийн төгсөгч Mongol made нэгдлийн хими технологич Б.Гансүлд, “ХААИС-ийн хими технологич мэргэжил нь судалгааны ажлыг 2-3 жил хийдэг. Яг өөрийн судалсан зүйл дээрээ бүтээгдэхүүнээ хийж өөрийгөө хөгжүүлж явж байгаа нь надад таалагддаг. Надад таалагдахаас гадна өөр хэрэглэгчдэд хүрэхдээ 100 хувь чанартай бүтээгдэхүүн гарна гэдэгт итгэлтэй байгаа” гэлээ.