Сангийн сайд асан С.Баярцогтыг прокурорын зөвшөөрлөөр суллах захирамж гарсан талаар түүний өмгөөлөгч Г.Орхон мэдээлжээ.
Улсын дээд шүүхийн хоёр шүүгч "С.Баярцогтод оноосон ял үндэслэлгүй байна” хэмээн тусгай санал гаргаснаар түүнд холбогдох хэргийг дахин хэлэлцэж, улмаар прокурорт буцаасан байсан юм.
Эргэн сануулахад УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө С.Баярцогтыг баривчлан саатуулж, 10 тэрбумын дэнчинг шүүхээс нэхэж байсан удаатай. Прокуророос түүнийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан боловч шүүхээс нотолж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн 10 жилийн ял оноож байв.
Харин 2021 оны долдугаар сарын 19-ны өдөр Улсын Дээд шүүх С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтаст хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдаан болсон. Хуралдаанаар С.Баярцогт нарт холбогдох хэргийн гомдлыг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусад нь салгаж, хэргийг дахин шалгахаар прокурорт буцааж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.