Арчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4:11 ээлжит мэдээллийн цаг боллоо. Энэ үеэр тус намаас Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах хүсэлт хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Ардчилсан намын дэд дарга Ч.Отгочулуу “Ковидгүй өвөл гэж байхгүй юм байна. Засгийн газар эцсийн эцэст үнэнийг хүлээн зөвшөөрч, үнэнтэй эвлэрч байгаад нэг талаар баяртай байна. Гэхдээ нэг зүйл дээр маш их харамсаж байна. Нөхцөл байдлаа бүрэн ойлгоогүй байгаа харагдсан. Хамгийн харамсалтай нь цаашид хийх гэж байгаа зүйл нь тодорхойгүй, ажлын төлөвлөгөөгүй байна. Зэс, нүүрсний үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад 2-3 дахин өссөн. Ялангуяа зэс 50 хувиар өссөн таатай байгаа энэ үед эдийн засгийн аюулгүй байдлаа яаж баталгаажуулах, иргэдийн цалин орлогыг яаж өсгөх талаар тодорхой арга зам харагдахгүй байна.
Маш олон комисс, зөвлөл байгуулж байгаа юм байна. Хурал хийж зөвлөл, үндэсний хороо байгуулагдсанаар ажил шийдэгдэхгүй. Бид бүгд цалин авахдаа, талх авахдаа хүртэл татвар төлдөг. Энэ татвараар санхүүжиж байгаа төрийн байгууллагуудын тоо багадаагүй байгаа.
Манай Ардчилсан нам асар их туршлагатай, боловсон хүчний нөөц сайтай үндэсний хэмжээний нам. Эдийн засаг, бизнесийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс ихтэй учраас ерөнхий сайдад хандаж, уулзалт хийх хүсэлт хүргүүлж байгаа юм.
Бидэнд эдийн засгаа сэргээх саналууд байна. Тухайлбал дэд сайдуудаа цомхтгох, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг царцаах, төсвийн алдагдлыг бууруулах гэх мэт. Ерөнхий сайдыг Монгол улсын эдийн засгийг ямар өнцгөөр харж байгааг ойлгохгүй байгаа. Тиймээс үүлзалт хийж ерөнхий сайд ямар мэдээлэлтэй байгааг тодруулна. Үүний дараа өөрсдийн саналаа нэгтгэнэ” гэлээ.
Ардчилсан намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн “Цар тахал эхэлснээс хойш эдийн засгийн хамгийн хүнд үр дагавар цохилтыг энэ намраас хүртэж эхлэх гэж байна. Машинаар бол Монгол улс бензинээ дуусгаж байна.
Гэхдээ сайхан мэдээ нь Л.Оюун-Эрдэнэ сайд яриандаа сөрөг хүчинтэйгээ хамтраад энэ хүнд үеийг нэгдэж, хамтарч давъя дөрвөн ч удаа хэлсэн. Тийм учраас хүнд үеийг хамтдаа даван туулахын тулд санал солилцохоор ерөнхий сайдтай уулзах хүсэлт гаргаж байна” гэв.