Дэлхий дээрх хамгийн том усан доорх музей нээлтээ хийлээ. Кипр улсын Аяиа Напагийн Пернера эргийн дагуу байрлах энэ музейг Их Британийн алдарт уран барималч Жэйсон Тайлор санаачлан хийжээ. Тэрээр өмнө нь мөн ийм төрлийн маш олон төсөл хэрэгжүүлж байсан ч гэсэн энэ удаагийнх нь түүний хамгийн том ажил болжээ.
1.1 сая долларын өртөгтэй хийгдсэн энэ ажилд түүний нийт 93 бүтээл оржээ. 2006 оноос хойш өөрийн бүтээлүүдээ усан доор байрлуулж байгаа Жэйсон Тайлор нийт 30 орчим ийм төрлийн үзэсгэлэн гаргаж байсан. Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн зорилго нь хүмүүсийг эх дэлхийгээ хайрлан хамгаалах, бид дэлхийгээ хэрхэн эвдэж байгааг харуулах юм.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн хамгийн том үзвэр нь 13 тонн жинтэй асар том мод байгаа юм.
Тэрээр CNN агентлагт өгсөн ярилцлагадаа "Би уур амьсгалын өөрчлөлт энэ дэлхийд ямар хувьсал авчирч байгааг харуулахыг хичээсэн. Миний үзэсгэлэнг үзсэн хүмүүст өөр зүйл үзэхээс хэд дахин бодит мэдрэмжийг аваасай гэж би хүсдэг гэжээ. Түүний энэ үзэсгэлэнг үзэхийн тулд 100 орчим ам.доллар төлөх юм. Үүнд усанд шумбах түргэвчилсэн сургалт болон аврах багийн бэлэн байдал зэрэг зүйлс багтжээ. Ойролцоогоор 15 метрийн гүнд шумбан үзэсгэлэнг бүтэн үзэж дуусгахад цаг гаруйн хугацаа шаардагдах аж.
Эх сурвалж: CNN