Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын даргын томилгоо асуудал дагуулах болов. Учир нь Монгол Улсын баруун хязгаар болох Баян-Өлгий аймагт манай улсын нийт хүн амын 84.5 хувийг эзэлдэг Халх үндэстний дараагаар 3.9 хувийг эзэлдэг Казак үндэстний дийлэнх нь буюу 75.5 хувь нь амьдардаг. Тэр ч утгаараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын үед төрийн хар хайрцгийн бодлогын хүрээнд тус аймгийн төрийн албан тушаалтнуудаар Халх хүн томилж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд тодорхой бодлогыг явуулсаар ирсэн.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед энэхүү төрийн хар хайрцгийн бодлого алдагдаж эхлэх нь гэсэн хардлага иргэдийн дунд байна.
Учир нь Төрийн тусгай чиг үүргийн байгууллага болох Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргаар, цагдаагийн хурандаа Б.Наранбаатар ажиллаж байсан бол, түүнийг саяхан чөлөөлж УИХ-ын гишүүн Х.Баделханы худ ахлах мөрдөн байцаагч Танат гэх Казах иргэнийг томилсон байна. Энэхүү томилгоо нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг өнгөрсөн тавдугаар сард тус аймагт нэг хоног ажилласны дараа болж байгаа учраас хардлага төрүүлэх болсон талаар олон нийт шүүмжлэлтэй ханджээ.
Түүнчлэн энэ сарын 5-нд Онцгой байдлын газрын даргаар нь З.Азат гэх Т.Аубакир гишүүний хүргэнийг томилжээ.
Дээрх хоёр залуу нь мэдлэг боловсрол, ажлын туршлагын хувьд нимгэн уг албан тушаалд тэнцхээргүй боловч УИХ-ын гишүүний хамаатан, садан гэдгээрээ томилогдож буй нь ил.
Мөн төрийн тусгай чиг үүргийн байгууллага болох Мэргэжлийн хяналтын дарга, Гадаадын иргэн харьяат зэрэг төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын удирдлагуудыг чөлөөлж, тэдний оронд Казах хүн томилох тухай ч яригдаж эхэлсэн байна.
Баян-Өлгий аймаг Казахстантай хил залгаа бөгөөд тус улсын иргэд Баян-Өлгий аймагт түр оршин суух тохиолдол цөөнгүй. Энэ нь соёл болоод ёс заншил, бодлого Казах үндэстэнд бага багаар уусаж орж ирэх хандлагатай тул өмнөх Ерөнхийлөгч нар бодлогоор Халх хүнийг төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын удирдлагаар томилж байсан нь ч учиртай.
Баян-Өлгий аймгийн төрийн албаны томилгоонд 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий парламентын гишүүний оролцоо, нөлөөлөл өндөр байгааг дээрх хоёр жишээнээс харж болохоор байна. Хэрвээ тус аймгийн төрийн тусгай чиг үүргийн удирдах албан тушаалтнууд Казак иргэдээр солигдвол цаашид Халх хүмүүсийг ажилд авахгүй байх, ялгаварлан гадуурхал улам гаарч болзошгүйг зарим эх сурвалж хэлж байна.
Төрийн хар хайрцгийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд хандан хэлэхэд төрийн тусгай чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаа алдагдаж, улс дотор ахин улс болохын энүүхэнд байсан бүс нутгийг ингээд орхих нь зөв үү.