"Оюу толгой"-н Ажлын хэсгээс хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж Төрийн ордонд ХЗДХ-ийн сайд, ажлын хэсгийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Оюу толгойн асуудлаар хэлэлцээр хийх ажлын хэсэг мэдээлэл хийж байна. Ажлын хэсгийн үндсэн зорилго УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилготой. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газар, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй. Миний бие уг ажлын хэсгийг ахалж байгаа
Бид өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж байгаа зүйл бол Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Мөн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулья, дээр дурдсан хоёр асуудал дээр дүгнэлт гаргуулья гэсэн хүсэлт дурдсан. Хөндлөнгийн шинжээчид 2021 оны гуравдугаар сард томилогдон таван сар гаруй хугацаанд ажиллаад шинжээчид өнөөдөр өглөө бидэнд албан ёсоор дүгнэлтээ хүргүүллээ.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас болж, энэ зардал нэмэгдээгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон хүмүүс нэмж хэлэх байх. Удаа дараа Оюу толгойн зардал их хэмжээгээр өсөж байгаа нь геотехникийн нөхцөлөөс болсон. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил бараг хоёр жилээр хойшилж ашиглалтад орж байгаа нь мөн л геотехникийн нөхцөлөөс шалтгаалсан гэдэг тайлбарыг удаа дараа ирүүлж байсан. Тэгвэл дэлхийд нэр хүндтэй шинжээчдийн баг Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн болон хугацаа хойшилсон нь ямар нэгэн геотехникийн хүндрэлээс болоогүй гэж дүгнэлтийг хийж байна. Оюу толгойн хэлэлцээрийг цааш урагшлуулах явц үргэлжилж байгаа. Эхний шатанд бидэнд ийм сайн мэдээлэл, дүгнэлт ирлээ. Энэ нь цааш хэлэлцээрийг урагшлуулахад тодорхой хувь нэмэр оруулах байх.
Дөнгөж сая "Рио Тинто"-гийн Монгол дахь захирал Х.Амаржаргал, "Рио Тинто"-гийн тодорхой албан тушаалтан С.Мөнхсүх нартай хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээ аваад уулзалт зохион байгууллаа. Бид хоёр зүйлийг хэллээ.
-
Нэгдүгээрт энэ хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлтэд танайх албан ёсоор тайлбар хийгээч ээ.
-
Хоёрдугаарт, далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч ээ.
Та бүхний хүсэж буйгаар Монгол Улсын Засгийн газар далд уурхайн ТЭЗҮ батлах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарч байхад бид далд уурхайн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрч батлах боломжгүй. Өмнө батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд өнөөдөр зэсийн үнэ ханш өндөр байгааг та нар бодолцож том жижиг, хувьцаа эзэмшдэг эрх ашгийг хамгаалах үүднээс далд уурхайн олборлолтоо эхлүүлээч ээ" гэдэг шаардлага тавьсан" гэлээ.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон "Оюу толгой" компанийн далд уурхайн ажил удааширсан гэдийг бид мэднэ. Энэ төслийн гол нөөц нь далд уурхайд бий. Хөндлөнгийн шинжээчид бидэнд дүгнэлтээ танилцууллаа. Харин "Рио Тинто" групп 2019 оны долдугаар сард биднээс хамааралгүйгээр буюу геотехникийн хүндрэл, далд уурхайн чулуулгийн онцлогийн улмаас ажил хойшилсон гэж үздэг. Үүнийг урьдчилан таамаглах боломжгүй гэдэг байв.
"Рио Тинто" группээс хамааралгүй, бие даасан, ямар нэг ашиг сонирхолгүй шинжээчдийг бүрдүүлэх нь амар байсангүй. Гэсэн ч бид зэсийн салбарт 20-40 жил ажилласан туршлагатай, найман гишүүнийг шинжээчдийн багт ажиллуулсан. "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ энэ дүгнэлтийг удахгүй хэлэлцэнэ.
Мөн "Рио Тинто" группэд төслийн менежерээр ажилласан туршлагатай Алан Мосс гэж зөвлөх мэргэжилтнээр хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг давхар хянууллаа"
"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир "Эрдэнэс Оюу толгой" компанийн хоёр төлөөлөл, "Туркойз Хилл" хувьцаат компанийн хоёр төлөөлөл бүхий тусгай хороог бүрдүүлсэн. Бид бие даасан шинжээчдийг томилсон. Тэд уул уурхайн төлөвлөлт, барилга угсралт, төслийн менежмент, геотехникийн мэргэжилтнүүд. АНУ, Канад, Австрали, Монгол мэргэжилтнүүд ажиллалаа. Тэд дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногт Тусгай хороонд хүлээлгэн өгсөн. Цаашид бид хугацаа хэтрүүлэх, зардлаа өсгөх энэ мэт алдааг дахин давтахгүйн тулд компанийн засаглалыг сайжруулахад анхаарч ажиллана" гэлээ.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго "Алан Мосс зөвлөх зардал чухам яагаад өссөнийг тодорхой болгохын тулд санхүүгийн аудитыг дахин хийх нь зөв гэж зөвлөсөн. Бид энэ ажлыг "Оюу толгой"-н ТУЗ-өөр дамжуулан хэрэгжүүлнэ" гэв.