Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойг тохиолдуулан МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзав.
Энэ үеэр “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээж, энэ жилийн ургац хураалтаар Булган, Сэлэнгэ, Дархан болон Төв аймагт оюутан, залуусыг ажиллуулахаар болсон талаар Монголын Залуучуудын Холбооноос мэдэгджээ.
Уулзалтын эхэнд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од цаг гарган хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлаас цар тахлын хүнд цаг үед залуучуудыг дэмжсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Тухайлбал, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д байсан иргэдэд нэг удаа боломж олгох шийдвэр гаргасан нь олон залууст эдийн засгийн чухал дэмжлэг болсныг хэллээ.
Тэрбээр энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ой тохиож байгааг уламжлаад хийж хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав.
Монголын Залуучуудын Холбооноос цэргийн алба хаах залуучуудыг мэргэжил эзэмшүүлэх, зэрэг олгоход олон улсын цэргийн байгууллагууд хэрхэн ажилладаг талаар судалгаа хийж эхэлжээ. Түүнчлэн бусад оронд эрхээ хасуулан ял эдэлж байгаа иргэдээ хэрхэн нийгэмшүүлдэг болохыг судалж, энэ чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөснөө МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од танилцуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын Залуучуудын Холбооноос зөв санаачилга гарган идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд Улсын Их Хурлаас бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, зарим төсөл хөтөлбөрүүд дээр хоёр талаас ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар тогтлоо.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Цогзолмаа болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.