Байгаль дэлхийдээ хайртай, тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжих зорилготой Re-designed Mongolia байгууллагыг 2019 оны дөрөвдүгээр сард И.Урангоо, Ц.Оюун нар үүсгэн байгуулсан. Тэд мэргэжлийн дизайнеруудын дунд байгальд ээлтэй дизайнеруудыг нэмэх зорилготой "TRASH + FASHION = TRASHION-21" тэмцээнийг зохион байгуулж ялагчаа тодрууллаа.
Энэ талаар “Redesigned Mongolia”-г үүсгэн байгуулагч Ц.Оюун “Байгальд ээлтэй брэндүүд нэгдэж “Friend of the earth” дэлхийн найзууд гэсэн холбоо үүсгээд анхны үйл ажиллагааг зохион байгууллаа. Дэлхийн найзууд холбоо маань одоогоор 11 гишүүнтэй. Байгальд ээлтэй амьдрах, амьдралын хэв маяг, зуршлыг хүмүүст суулгах үүднээс энэ эвентийг тогтмол хийхээр ажиллаж байна. Хувцасны материал хийх, хийсэн материалыг хувцас болгоход маш их хэмжээний ус, байгалийг хордуулах үйлдвэрийн утаа зэрэг зүйлсүүд гардаг. Тиймээс бид хуучин хувцас ашиглаад шинэ хувцас хэрхэн хийж болох байгальд ээлтэй мэргэжлийн дизайнеруудыг олшруулах зорилгоор “TRASHION-21” тэмцээнийг дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Ковидын шалтгааны улмаас хойшилсоор байгаад наймдугаар сарын 1-нд ялагчаа тодрууллаа” гэлээ.
Тэмцээний ялагчаар дизайнер П.Чулуунцэцэгийн "SAVE OCEAN" загвар шалгарсан юм. Ялагчийг хувцасны коллекц хийх бүх материал хэрэгслээр хангах, "SAVE OCEAN" хувцасны коллекцийн загварын шоу хийж өгөх, бэлэн хоёр сая төгрөгөөр шагнажээ.
Мөн үйл ажиллагааны үеэр хуучин хувцсаараа хэрхэн хүүхдэдээ байгальд ээлтэй тоглоом хийх аргыг зааж өгсөн юм.
Цаашид тэд “ReDesigned fashion” хуучин хувцас ашиглан материалын үлдэгдэлгүйгээр шинэ загварын хувцас хийхээс гадна “ReDesigned Lifestyle & Home” буюу хуучин хувцсыг ашиглан шинэ гэр ахуйн хэрэгсэл хийх аж.